Dreams come true
RSS

Tuesday, June 22, 2010

Үхмээр санагдсан нэгэн өдөр

   
Би гэдэг хүн амьдралдаа дэндүү том сургамж болсон тэр нэгэн өдрийг ердөө мартдаггүй юм. Тэр үед болоод өнгөрсөн минут секунд бүрийг хэзээ ч мартахгүй биз? Үнэндээ тийм ч сайхан үйл явдал биш л дээ... Гэхдээ муу эхнэр бид хоёрын амьдралыг орвонгоор нь өөрчилж чадсан аймар ч юм шиг сайхан ч юм шиг явдал л даа.
    Хүн гэдэг амьтан ухаантай юм шиг атлаа бас дэндүү тэнэг ч юм шиг... Ямар нэгэн зүйлийг буруу гэдгийг мэдсээр байж хийгээд л байдаг. Болохгүй гэдгийг нь биеэрээ амсаж мэдэрч байж ухаардаг нь хүмүүсийг тэнэг гэдгийг өлхөөн батлаад өгч байгаа юм даа. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ ээ гэж... Архи гээч юманд бараг живих шахсан надад яг л тийм нэгэн явдал тохиолдсон юм. Бахархаад байхаар зүйл биш ч гэсэн сургамж болох юм болов уу гээд үүнийг дүү нартайгаа хуваалцах дуртай байдаг юм л даа. 
   Аймшигтай хүнд нэгэн ажлын өдөр өнгөрч "Өнөөдөр чинь яасан өдөр вэ? өдөржин даргад загнуулж хүмүүст ад үзэгдлээ" гэж бодсоор гэртээ ортол гэриийн богд маань аймар ууртай угтлаа. Аргагүй биз дээ би гэдэг хүн олсон хэдэн төгрөгөө хар усанд үрж, ажлын газраа согтуу ирээд жинхэнэ шоу тоглолт үзүүлээд түүгээр ч зогсохгүй гэртээ ирж түйвээгээд... ёстой л болгоод өгсөн байна лээ. За ингээд эхнэр минь  өнгөрсөн баларсан хамаг юмыг хамж аваад үгэлж гарах нь тэр дээ...  байнга найзуудтайгаа нийлж архи уудаг л гэнэ, хиртэй оймсоо орон доогуур бөөрөнхийлж шидлээ л гэнэ, засчих ёстой сандлыг засахгүй бүтэн сар боллоо л гэнэ үнэндээ арай сар болчихоогүй хорин хэд хонож байгаа даа гэж бодож суутал гэнэт "Төрүүлсэн ээж шигээ дурак новш, танайх удмаараа арчаагүй архичид" гэх нь сонсогдлоо. Би буруу сонсов уу??? Үгүй яалаа гэж надаас болж ээжийг минь ингэж хэлмэгдүүлнэ вэ? Олон жил тэвчээд энэ хараал идсэн үгсийг нь сонсож, загнуулж явлаа. Гэтэл эцэст нь өөд болсон ижийг минь доромжилж ясыг нь өндөлзүүлж байх гэж... хуцдаг халтар...
   "Төрүүлсэн ээж шигээ дурак новш, танайх удмаараа арчаагүй архичид" гэдэг үгийг сонсоод гараа өргөн авгайгаа алгадах хүртэл хоёр гурван хормын дотор ингэж бодож амжлаа. Гэдэс дотор бөөн хар чулуу орсон шиг пал хийгээд л явчихав. Ходоодонд өргөстэй том зараа тийчигнэж хатгуулаад дэлбэлэх гэж байгаа юм шиг санагдаж билээ. Энэ мэдрэмж ээжийг минь амьсгал хураасан яг л тэр мөчид төрж байсан санагдана. Нүд харанхуйлж, чих дүлийрээд сэтгэл дотроо гашуунаар цурхиран уйллаа. 
   Толгойд түмэн янзын бодол эргэлдэж, эргэн тойрноо нэг харлаа. Хүү минь нүдэндээ айдас дүүрэн нулимстай ээжийнхээ дэргэд ирсэн зогсчихож. Эхнэр минь нүүрээ даран цурхиран уйлж гарын салаагаар нь нулимс даган урсаж байв. Миний алгадсан хацар нь улаан гөврүү гарсан байлаа. Би гэдэг хүн хэсэг зогссоноо гэрээс гарлаа, харсан зүг рүүгээ явж үхмээр санагдлаа. Гэрээр дүүрэн уйлаан майлаан... Гараад хаашаа ч алхсан юм бүү мэд, яаж ирээд, яаж суусан нь ч мэдэхгүй нэг сандал дээр орь ганцаараа сууж байлаа. Үхмээр байна, үхмээр байна гэж өөртөө олон удаа давтан хэлсэн ч үнэхээр үхмээр байсан юм уу үгүй юм уу бүү мэд. Би чинь үхлээс үхтлээ айдаг хүн шүү дээ.

    Би гэдэг хүн гучин хэдэн насандаа архинд живж, амьдралаас ингэтлээ уйдчих гэж? Даан ч яав даа... Ээжийг минь буянтай буурал гэж ярьдаг байснаас тэнэг мангараар нь дуудаж байсан удаагүй. Тэгээд авгайгаа муу шулам гэж харааж зүхэж гарлаа. Архи авч уугаад, тас үсэрч бүхнийг мартан хорвоо ертөнцөөс тасармаар санагдсан ч гаслантай нь мөнгө байсангүй. Гэхдээ одоо бодоод байхад тэр үед надад ямар азаар мөнгө байгаагүй юм бэ дээ???
   Би чинь юу хийчихвээ??? Нүдний өмнүүр өдөр хоногууд урсан өнгөрч гурван жилийн өмнө нэгэн pub-д сууж байхад "Найз гэдгээ харуулаад энэ хундагыг тогтоочих" гэж хэлсэн баргил бүдүүн хоолой сонсогдлоо. Дараа нь ажил дээрээ банга хүртэж цалингаа торгуулчихаад түүнийг мартах гэж ууж байгаа хөөрхий залуугийн дүр төрх. Би гэдэг хүн ингээд л архичин болжээ. Үнэртээд огиудас хүрдэг байлаа, амсдаг боллоо, балгачихдаг боллоо, уудаг боллоо, одоо харин бараг живих гэж үгүй ээ живчихсэн байна. Гурван жилийн өмнө яг л тэр өдөр очоод "Уучлаарай би найз гэдгээ арай өөр юмаар батлан харуулъя" гэж хэлчихээд энэ өдөр буцаад ирвэл амьдрал ямар байх бол??? 
   Архи ууж ирээд агсам согтуу тавьж эхнэр хүүхдээ зовооно. Ямар сайндаа манай хүү цэцэрлэг дээрээ айл гэр болж тоглохдоо агсам тавьж байгаа согтуу хүн болж тоглох вэ дээ? Гэртээ ирээд зүгээр ч байхгүй юм хумаа эвдэж, заримдаа юмаа хулгайлж аваад архиар солиод уучихна. Цалинг надад өгөхөө болиод эхнэр сард хоёр удаа миний цалинг авах гэж ажил дээр ирдэг болсон байвал яах вэ? Ер нь л өнөө маргаашгүй ажлаасаа халагдах гээд дээсэн дөрөөн дээр дэнжигнэж явахад минь хэдийгээр маш муухай санагдсан ч эхнэр  маань зөв үгээ оноод хэлсэн шиг байгаа юм. Өмнө нь намайг архинаас гардаг элдэв эмчилгээнд явуулж, зодож заначиж, харааж зүхэж, уйлж унжиж, гуйж аргадаж яаж ч үзээд огтхон ч нөлөөлөөгүй юм. Архинаас гаръя гэсэн бодол чин сэтгэлийн угаас төрөөгүй байсан болхоор тэгсэн юм байлгүй дээ.
   Би өөрөө өөрийгөө хатуу зэмлэхээр шийдлээ. Өмнө нь үргэлж ч энэ ч болохгүй тэр ч бүтэхгүй байхад яаж архи уухгүй байх гэлээ гээд бөөн шалтаг тоочдог байлаа. Гэтэл яг л тэр өдөр, тэр сандал дээр бодит байдалтай зоригтойгоор нүүр тулан суулаа. Мэдээ орсон цагаас эхлэн миний амьдрал хүрд адил сэтгэлд эргэлдэж байлаа. Инээд цалгисан жаргалтай гэрт өссөн билээ. Халамжтай сайхан ээж, ноён нуруутай ухаалаг аав... Хүний урманд миний нүдэнд халамцуу харагдсан гэж үү тэд?? Үгүй шүү дээ. Гэтэл би өөрийн арчаагүй байдлаасаа болоод удам судраараа архичин хоч авч байдаг. Нэр хугарахаар яс хугар гэдэг юм. Үнэндээ яс хугарчих вий гэж үхтлээ айдаг би яагаад нэр хугарахаас огтхон ч айдаггүй юм бэ?? Ингээд насан өөд болсон хоёр буурлынхаа ясыг өндөлзүүлэхгүй байхсан гэж ч бодлоо. Тэр хоёр маань байсан бол хоёулаа намайг мөр бүтэн амьдраасай гэж хүсэх байсан. Эсвэл бурхны орноос намайг ухаараач гээд хараад суугаа ч юм бил үү? Толгойд түмэн янзын бодол, ямар ч эмх замбараагүй...

    Өөрийнхөө гар луу харлаа. Яг л энэ л гараараа түүнийхээ хуруунд хуримын бөгж зүүж өгч байсан бол өнөөдөр энэ гараараа түүний улаан нүүрэн дундуур нь алгадаад авчээ. Насан туршдаа жаргаана гэж авч суусансан гэтэл орой болгон бөөлжсөө угаалгаж, өдөр болгон нулимс, хараал хоёрыг нь урсгаж суух гэж??? Энгэрийг минь түшиж жаргах гэж надтай ханилсан гэтэл өнөөдөр гэрт орж эм, гадаа гарч эр болоод, ажлаа хийж, хүүхдээ асраад бас дээрээс нь галзуу шахуу болсон намайг харгалзах гэж... Ажил хийсэн царай гаргаж олсон хэдэн төгрөг маань үрж зарлагадаж, салхинд хийсгэж, эвдэж сүйтгэж байгаагийн маань хаана нь ч хүрэхгүй.
   Хөөрхий хүү минь ямар золгүй хувь тохиолоор над шиг арчаагүй хүнд хүрээд ирэв дээ. "Ааваа та дахиж архи уухгүй тийм ээ?" гэж ам өчиг дандаа авна. Хэзээ ч амалсандаа хүрч байгаагүй байхад минь "Тийм ээ аав нь уухгүй" гэж ичилгүй хэлэхэд минь чин сэтгэлээсээ итгэн баярлана. Хүү минь аав нь дахиж чинийхээ өмнө согтуу харагдахгүй. Үгээр биш чин сэтгэлээрээ амалж байна. Дахиж араатан шиг зан ааш гаргаж чамайгаа айлгахгүй. Хүн шиг сайхан амьдарна аа...
   Хүний сэтгэл жижгхэн оньсон түгжээгээр түгжигддэг шиг л санагддаг юм. Тэр оньсыг нээх ямар нэгэн зүйл байхгүй бол хэзээ ч хүний оюун санааг өөрчилж чадахгүй.
   Өмнө нь яаж ч оролдож байсан архинаас гаръя даа гэсэн бодол төрж байгаагүй юмдаг. Тэр үг харин миний сэтгэлийн оньсыг амархан тайлчихаж билээ.
   Хэдэн цаг ч суусан юм бүү мэд... Би олон зүйлийг бодлоо. түүнээс илүүг бодсон бол бараг гэгээрчих дөхсөн шүү. За ингээд босч хайш яайш болсон хувцас хунараа янзлаад гэрийн зүг алхлаа, алхаа түргэссээр, бүр түргэссээр гүйлээ. Найман давхар өөд харавсан сум шиг гүйсээр гэрийн хаалгаа тогштол надад онгойлгож өгөх шинжгүй ээ. Бас л согтуу ирж түйвээх нь гэж бодсон байх л даа. Гэхдээ яаж ч байсан муу эхнэр минь намайг гадаа хонуулж байсан удаагүй. Гэртээ ортол эхнэр хувцас хунараа цүнхэнд хийгээд явах гэж байлаа. Бүр аргаа барсан хүний л хийх зүйл байх даа... Уйлсаар байгаад давхраа нь арилтал нүд нь хавджээ. Намайг эв эрүүл сав саруул орж ирнэ гэж санаагүй байх. Би түүнийгээ тэвэрч нүдэн дээр нь үнслээ. Хайртай эхнэрээ тэвэрч үнсээгүй ямар удаа вэ? Ямар сайхан юм бэ? Эмэгтэй хүн дэндүү өр нимгэн юм. Хажиглаж түлхэж, уурласан ч үгүй... Миний уучлал гуйхыг, сайн сайхан амьдрал амлахыг минь, чин сэтгэлээсээ хайртайгаа хэлэхийг минь нэг ч үг нээгээгүй байхад сэтгэл зүрхээрээ мэдэрсэн юм уу гэлтэй. Хэн хэн нь үг дугарахгүй хэсэг зогслоо. Тэгээд би галын өрөөндөө очоод эвдэрсэн сандлаа авч хадлаа. Шөнө дөл болсон байхад солиотой ч юм шиг. Хажуу талын айл параа нүдэхэд би сандлаа яг хадаж дуусгалаа. Харин эхнэр маань багласан хүүгийнхээ хувцсуудыг буцааж шүүгээнд нь  хийлээ. Ингээд би хүүгийнхээ дэргэдүүр ороод унтлаа. Хүү минь хүзүүгээр тас тэвэрч унтлаа. Бид гурав нэг ч үг дугараагүй атлаа сэтгэл зүрхээрээ ойлгоцож байсан юм даа. Угаасаа өмнө нь улиг болтол нь амалсан болхоор амлалтын үгс тэдний чихэнд хий хоосон сонсогдох байсан биз? Үгээр биш үйлдлээрээ илэрхийлсэээн....
   Эрт босч эхнэртэйгээ нийлээд өглөөний цай бэлдлээ. Ингээд л миний амьдрал ер бусын гэгээлэг, эрүүл хэмнэлд орсон юм. Эхэндээ байнга л архи уумаар санагдаж байлаа, удалгүй хааяа л тэгж санагддаж боллоо. Маш их тэвчээр гаргасны хүчинд одоо огтхон ч тэгж санагдахаа больсон шүү. Заримдаа би өөрийгөө ухаарч чадсан сайн хүн гэж бодож бардамнах дуртай. Эхнэр маань ч гэсэн бурхны аврал гээч л тэр байх гэж ярьдаг юм. Үнэндээ эхнэрийн минь л аврал л даа. Олон хүмүүс яг л хэдэн жилийн өмнөх над шиг архинд живж, уусаж байна. Гэвч тэд гарч чадахгүй байсаар л... Тэгхээр би тэдний дэргэд догь амьтан байгаа биз дээ???
    За ингээд ахынх нь хэлэх үг бол ямар нэгэн зүйлд чин сэтгэлээсээ зорихгүй бол бүтэхгүй. Бие бол сэтгэл хаашаа яв гэсэн тэр зүг хийсдэг хамхуул шүү дээ гэж.

13 comments:

Frank said...

Сайхан нийтлэл.
Бас гайхалтай зүйрлэл байна.

Харамсалтай нь зарим нэг хүмүүс ухаарахад хэт оройтсон байдаг нь харамсалтай. Харин энэ дээрхи нийтлэлийг бичсэн хүн азтай...

Nadya said...

Үүнийг бичсэн хүн өөрөө архичин биш л дээ. Зүгээр архинаас гарсан хэн нэгний оронд өөрийгөө тавьж үзээд бичсэн юм л даа. Гэхдээ энэ нийтлэлийн баатар амьдрал дээр жинхэнээсээ байдаг бол түүнийг аугаа гэлтэй...

pugo said...

тамхинаас яг ингэж гарах хэрэгтэй боловуу хэхэхэ :P

Nadya said...
This comment has been removed by the author.
Nadya said...

ПУГО-д сайн мэдэхгүй юм. Гэхдээ чамд тамхинаас гарах юмсан гэсэн бодол чин сэтгэлээсээ төрөх ёстой байха. Тэгээд бодсон байхад ер нь гарах байх.

Номун Бөх-Очирын said...
This comment has been removed by the author.
Номун Бөх-Очирын said...

gaihaltai shan niitlel bn

Золжаргал said...

Манай хүн сайхан бичсэн байна. Гэхдээ өгүүллэг, зохиол гэж бичихгүй бол хүмүүс чамайг эрэгтэй хүн гэж бодох байх.
Яг энийг ямар үед бичсэн гэдгийг би мэдээд байгаам даа :))

Nadya said...

Номун-д чиний хэлсэн үгнээс санаа авч бичсэн шүү дээ... хэхэ

Anonymous said...

Дажгүй болжээ. Гэхдээ жаахан энгийн байна. Жаахан юм унш монгол уран зохиолууд сайн унш. Гадаад уран зохиол уншдаг хүмүүс иймэрхүү өнгө аястай бичээд байдаг талтай. Өөрөө тэгдэг юм шиг байна. Чадвараа хөгжүүлэх гэж оролдвол боломж байгаа юм байна.

Anonymous said...

Хүнийг ингэж ухааруулахад арай л багадсан шалтгаан байна. арай том сэтгэ л дээ

Anonymous said...

hehe, goyo niitlel bn. nzda amjilt!

Wisdom said...

Найз гэж үнэн алуурчин байгаа биз.
Хэнтэй нөхөрлөнө тэр чинь чиний хувь заяаг шийднэ гэж үнэн бололтой.

Бас чамайг найзаар чинь л хэмжидэг.
Тийм болохоор муу нөхрөөс үтэр түргэн холдий. Сайн нөхрийг хүрж иртэл даллая гэж.