Dreams come true
RSS

Monday, June 26, 2017

Reading THE WORLD

I started reading in English five years ago when I started studying abroad. Due to my poor vocabulary, low grade grammar and lack of practice I struggled so much at first. I would spend whole day in the library and devote all the time I had to reading legal readers yet I could cover just the half of what was given. 

There were times when I wanted to give up and terminate my studies but somehow I kept trying regardless of the anxiety, stresses and home sickness that troubled me the most. Now having had a great opportunity to study 2 different foreign countries with diverse environment, I am so grateful that I made it to the end.  I value my experience in these two countries very much because I earned more than an academic degree. I appreciate all the support from my family during the times when I was about to give up. Because of the highly supportive and influential words that my mom said I did not choose the easiest way to deal with my struggle - giving up. 

Even though I have became much better in reading in English, I still face unknown sentence structure, words that I have never seen before and phrases that squeeze my brain to dig out of its meaning. Therefore, I decided to start a Reading and Improving my English project that got its idea from Ms Ann Morgan's TED Talk about her project "A YEAR OF READING THE WORLD" 
(https://ayearofreadingtheworld.com/)
In fact, I do not expect myself to read books from every and each country in the world within a year. I really do not know how much time I will spend for the project and how many countries I will discover through their literature but I surely know that I will stick to this project until it seems enough. 


Wednesday, January 20, 2016

Цаг хугацаа

Урт, өргөн, өндөр хэмээх бидний цаасан дээр буулгаж чаддаг гурван хэмжээсээс гадна ухрааж, урагшлуулж, товчилж, алгасчихаж ч болдоггүй нэгэн хэмжээс - цаг хугацаа гэгч бий. Төрөх орон дээр гарахаар өвдөөд хэвтэж байхдаа “Яг одоогоос 12 цагийн дараа л оччих юмсан. Тэгвэл хүүгээ тэврээд сууж байна даа” гэж бодож билээ. Гэтэл “Чи энэ л өвдөлтийг мэдрэхгүй бол ээж болохгүй” гэж байгаа юм шиг эсвэл цагийн зүү миний тэвчээрийг басамжлаад ч байгаа юм шиг нэг нэгээр давшиж байсансан. Яасан удаан өнгөрсөн гээч! Харин заримдаа цаг хугацаа анзаарах сөхөө өгөлгүй урсаад өнгөрчихсөнг ухаардаг. Яг тулсан ажилтай, секунд, минут бүр хайран санагдах тийм мөчүүдэд цаг жаахан удаан өнгөрдөг болоосой гэж хүсэх нь бий. Энэ л чанараараа цаг хугацаа гэдэг өөрчилж чадахгүй, байгаагаар нь хүлээж авахаас өөр аргагүй, хувь тавилан гэж байдаг бол яг л түүн шиг юм.

Хүний насан туршийн амьдралд ноогдох цаг хугацааг элсэн цагтай зүйрлэвэл урсах элсэн ширхэг бүр хүний өнгөрөөж байгаа хором гэлтэй. Жаргалтай байна уу зовлонтой байна уу, бүтээж байна уу нөхцөөж байна уу гэдгээс үл хамааран элсний ширхэг бүр нэг нэгээрээ урссаар л… Дээд цүнхэлд байгаа элсний ширхэг урсаад дуусахад хүний амьдрал дуусдаг. Хүн бүр том жижиг хэмжээтэй өөр өөр элсэн цагтай. Ийнхүү сэтгэвэл цаг хугацаа хүмүүст хичнээн хайран санагдах бол? Халаасан дахь мөнгө, өмсөж зүүсэн, эдэлж хэрэглэж буй, өөрийгөө хулдан ороосон үнэтэй цайтай тэр бүхэн биш зөвхөн цаг хугацаа л бидний баялаг мэт санагдах байлгүй. Ингэж хэт туйлширах нь ч бас хаа юм. Бодтой бодгүй, хэмжигдэх хэмжигдэхгүй олон төрлийн баялаг бий. Харин бидний худалдаад авч чадахгүй, нэг алдсан бол дахиад олж авч болдоггүй, нэгэнт өгөгдсөн дээр нэмж арвижуулж боломгүй тийм баялаг бол цаг хугацаа юм. Ийм шинж чанартай баялагийг яалтай билээ? Хамгийн үр ашигтайгаар зарцуулж чадвал араас нь харамсахгүй юм байлгүй. Тэгвэл минут ч зүгээр суумгүй, цаг хугацааг мэдэрч амьдармаар. Учиргүй цаг мөч бүрийг таалж амьдрах бас залхуурлаар халхалсан аз жаргал өгдөггүй зүйлстэй андуурахгүй байх нь зүйтэй...

Цаг хугацааны интервалыг өнөөгийн нийгмийн аяс, хүний физиологийн онцлогтой уялдуулан хүүхэд нас, өсвөр нас, залуу нас, идэр нас гэх мэт нэрлээд байгаа юм. "Хүүхэд насаа хүүхэд шиг өнгөрөө, хүүхэн болох гэж яараад яах вэ!" гээд багш охидын үсийг хоёр сүлжүүлдэг байж билээ. Гэтэл үнэхээр л ширхэг чихэрнээс аз жаргал амталж чаддаг насаа баяр хөөр бэлэглэх бүхнийг амталж өсөөд, идэр насандаа ид хийж бүтээхийн тулд өсвөр болон залуу насандаа өөрийгөө мэдлэг чадвараар цэнэглэх хэрэгтэй юм шиг… Мэдлэг чадвар гэдэг нь заавал гадаад хэл, математик байх албагүй. Оёдог хатгадаг, наадаг эвлүүлдэг, хаддаг харуулддаг юу ч байж болох юм. Энэ тал дээр ч манайхан их өрөөсгөл үзэлтэй. 

"Монголын маргааш олон" гэж их бэлэг дэмбэрэл муутай үг юм шиг санагддаг юм. Нэг өдөр, нэг долоо хоног, нэг сар, нэг жил гэдэг нь гараг эрхэсийн байршил хөдөлгөөнтэй уялдсан цаг хугацааны хэмжүүр бий болгох гэж зохиосон бидний шинжлэх ухаанч сэтгэлгээний нэгэн илрэл. Цаг хугацааны хэмжүүрийг зохиох нь ач холбогдол ихтэй нь мэдээж. Гэхдээ яг угтаа цаг хугацааны өнгөрсөн-одоо-ирээдүй гэсэн гурван хэмжигдэхүүн хамгийн бодтой юм шиг. Өдий наслахдаа нэг зүйлийг их ойлгосон юм. Яг одоо хийе гээд ханцуй шамлан ороогүй ажил… маргааш, ирэх долоо хоногт, ирэх сард, ирэх жил яг байхь байдгаараа байж л байх юм. Одоо хийхгүй, "маргааш хийе" гээд орхисон ямар нэг зүйлийг, маргаашийн өдийд дахиад л "за жинхэнээсээ маргааш" гээд л сууж байдаг юм билээ. Энэ надад ганцхан байдаг муу зан ч биш юм шиг байгаа юм. Ямар сайндаа л "Монголын маргааш олон" гэдэг үг байх вэ дээ. Маргааш, маргааш гээд орхидог ч яг үнэндээ ирээдүйд үүрэг даалгавар орхиод байгаа юм. Тэгж орхисон ажил бол маргаашд биш ирэх сард, магадгүй бүр ирэх жилд үүрүүлээд орхиж буй ачаа л гэсэн үг. Гэтэл тэр ирэх жил чинь өөрөө зөндөө их лай ланчиг үүрэхээр заяагдсан хөөрхийлөлтэй амьтан шүү дээ. Тэгэхээр яг одоо эхэлмээр...


Sunday, August 16, 2015

Аз жаргал

Яг унтах гээд хэвтэж байхад орж ирсэн бодол оюун санааг маань бүхэл бүтэн хоёр цагийн турш тун завгүй байлгаж орхив. Бодол гэдэг нэг нь нөгөөгөө дагаж хөвөрсөөр, урссаар байдаг хачин жигтэй зүйл юм шүү. Бодох тусам үнэн санагдаж, учиргүй уран цэцэн, яруу тунгалаг биш ч гэсэн хэлхсэн хэдэн үг маань эгэлгүй үнэн юм шиг бодогдоод болж өгдөггүй. Цаасан дээр буулгая, цэцэн мэргэн нэгэнтэй хуваалцая. Тэгэхгүй бол нойр хүрэхгүй, санаа амрахгүй бололтой. 

Хүн гэдэг зовох л тавилантай төрсөн юм шиг сонин амьтан юм. Зовлон нь ер дуусахгүй. Хэн болох, хэдэн настай, ямар хүйстэй, хаана, хэзээ амьдарч, юу хийж буйгаас үл шалтгаалан хүн бүр өөр өөрийн гэсэн зовлонтой... 

Жаахан дүү маань дэвтэр нь дууссан байна гэж учиргүй их шаналан зовлоо. Тоож байгаа том хүн тэр гэрт нэг ч алга үнэндээ. Дууссан дэвтэр яах вэ, маргааш дадлагын тайлангаа хураалгана гэж оюутан эгч нь учиргүй завгүйрхэж байна. Юун тэр дэвтэр, маргааш аудитын хяналт ирлээ гэж аав нь уцаарлангуй бичиг цаастай ноцолдлоо. Маргаашдаа аргалаад хавтас дээрээ биччих, дэлгүүр хаачихсан байхад би одоо хаанаасаа дэвтэр олж өгөх вэ? эрт хэлэхгүй яагаа вэ гэж ээж нь зэмлэнгүй хэлэв. Дэвтэр нь дуусчихсан байдаг, тоодог хүн байдаггүй. Сүртэй биш юм шиг ч жаахан дүүд маань учиргүй том зовлон байгаа харагдах юм. Ингээд бодоход өөрөө ганцхан зовлонтой юм шиг бусдаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, ойлгуулж, өрөвдүүлж, туслуулах гэсэн сэтгэлгээ хэтэрхий амиа бодсон хүний шинж юм. Хүн бүр л өөр өөрийн түвшинд, өөр өөрийн нөхцөл байдалтай уялдсан асуудалтай байдаг хойно бусдын ачааг хуваалцахгүй бол ядаж бусдад ачаа нэмэрлэхгүй байх нь зөв юм даа. 

Богино долгионы зуух эрүүл мэндэд муу гээд ээж маань бат итгэдэг байлаа. Айл бүхэнд байдаг, манайд л байдаггүй... Цаг хэмнэе ээжээ гэж ятгаж ятгаж арай гэж нэг богино долгионы зуухтай боллоо. За тэгээд өөр юу ч хэрэгтэй билээ дээ гээд байж байтал ус буцалгагч шатаж орхив. Хуучин муу ус буцалгагчаа солиод шинийг дөнгөж худалдаж авсны дараа тоос сорогчны толгой салж унаад тогтохоо байж орхив... Айл гэрийн амьдрал яг л ийм байдаг шиг хүний амьдрал яг л ийм. Өнөөдрийн ажлыг хийж дуусгаад л амрах юм шиг байж байтал маргааш дахиад л шинэ ажил, шинэ шийдэх асуудал гарч ирнэ. Хүний нийгэм ч гэсэн яг л ийм зарчимтай байх юм. Нийгэм дамнасан асуудал байлаа гэж саная. Архидалт, ажилгүйдэл, хог хаялт. Өнөөдөр нэг асуудлыг нь шийдэж л дээ. Үгүй юм гэхэд ядаж зохистой, хүлээн зөвшөөрөгдөхүйц түвшинд аваачиж. Гэтэл уг асуудал шийдэгдсэний яг маргааш нь өөр нэгэн асуудал гараад ирнэ. Нөгөө л архидалт, ажилгүйдлээ ярьсаар байгаад гэр бүлийн хүчирхийлэл гэдэг асуудал байгааг харах ч сөхөөгүй явжээ. Эсвэл шинээр гараад ирсэн асуудал юм уу?...
Гэтэл нэг өдөр надад хийх ажил нэг ч үгүй болчихвол би яах билээ? шийдэх асуудал бүрээ шийдээд дуусчихвал яах билээ? Нийгэм хэзээ нэгэн өдөр ямар ч асуудалгүй төгс төгөлдөр болох болов уу? 
Хүсэл дууссан газар хүн өөрөө дуусдаг гэдэг. Хүний амьдралд тохиолдох тэр олон асуудлууд тэр хүний амьдралыг утга учиртай болгож байж ч болох. 

Хүн гэдэг бодлын хүлээсэнд уягдаж, хүлэгдсэн эрх чөлөөгүй амьтан юм шиг. Амьдрал асуудлаар дүүрэн, бухимдаж уурлах шалтаг мундахгүй. Нийгэм хар бараанаар дүүрэн, хүний амьдралд гомдоллох шалтаг мундахгүй олон. 

Харин тэр бүхнийг хэн хэрхэн хүлээж авч байгаагаас бүх зүйл шалтгаална. Нэгэнт өөрийн удирдаж чадахгүй асуудлуудын төлөө зовоод яах билээ? Миний сонголтоос үүсээгүй таагүй нөхцөл байдал бүрийг би бухимдаж, уурлаж, төвөгшөөж хүлээж аваад яах билээ? Нэг нь шийдэгдмээр аядаж байтал нөгөө нь ундарч гарч ирдэг нийгмийн олон хар бараан сүүдэр бүрт би өртөөд яах билээ? Өнөөдөр өөрийн гар доор буй зүйлээр, өөрийн эрх мэдэл хүрэх түвшинд хамгийн зөв шийдвэрийг гаргаж, бусад бүх зүйлийг хүлээн зөвшөөрч, ойлгож, байгаагаар нь хүлээж авч чадсан нь л хаана, ямар нөхцөл байдалд, хэзээ оршин тогтнож байгаагаас үл хамааран амар амгалан аз жаргалтай байх юм. Аз жаргалыг би өөрөө бүтээдэг. Би түүнийг худалдаж авахгүй, энд тэндээс олохгүй, би өөрийн дотоод сэтгэлээсээ уудлан гаргаж ирдэг. Би харин одоо түүнийгээ бусдад түгээхсэн. 


Wednesday, January 21, 2015

Хамгийн зардал багатайгаар хамгийн хөөрхөн болох арга

Өөрийнхөө гадаад үзэмжийг голж, тэр ч бүү хэл сэтгэл санаагаар унаж эхэлсэн үе өсвөр насанд минь эхэлж, нилээд жил намайг тарчлаасан байх аа. 
Яасан гэхээр би загвар өмсөгчид шиг өндөр биш байх нь, хятад шаазан хүүхэлдэй шиг цасан цагаан царайтай биш, заан шиг бүдүүн хөлтэй, гахай шиг тарган, уйлсан юм шиг нүдтэй, том хамартай, аав шиг эрэгтэйлэг төрхтэй, сүмбэн цагаан хуруугүй, хүрз шиг хумстай... за за бичээд байвал барагдах эд биш юм байна...  
Товчхондоо хэлэхэд би төгс төгөлдөр биш байлаа. Миний муу муухай бүх зүйлүүд сайн сайхан бүх зүйлүүдийг далдлаад би чинь эмгэн шулмын дүртэй, гахай байсан юм уу даа ер нь... 
За тэгээд хэддүгээр ангид ч юм бэ дээ анх удаа хөмсөгөө засууллаа. Дандаа голдог байсан парвийсан хөмсөгөө засуулаад... Би чинь аймшигтай духаар нэг тарсан урт хөмсөгтэй, зэрлэг хүн шиг харагддаг байлаа шүү дээ. Тэгсэн хөмсөгөө зассан чинь хөмсөг аятайхан болсон ч хамар сонин харагдаад болдоггүй. Нэг юмыг заслаа ч өөр өө гарч ирээд л, санаа зовсоор л байлаа.

Гэтэл би нэг л өдөр өөрийгөө хөөрхөн болсноо ухаарлаа. Мэс засал, эм тариа, будаг шунхгүйгээр би  хөөрхөн болчихож, яагаад гэвэл би энэ байгаагаараа л хөөрхөн, бас хөөрхөн байсаар ч ирсэн юм байна. Учир нь би чинь цорын ганц давтагдашгүй, энэ дэлхий дээр яг одоо амьдарч байгаа, өмнө нь амьдарч байсан, бас ирээдүйд амьдрах бүх хүмүүс дунд яг над шиг хүн нэг ч байхгүй. Би содон, гажигтай байсан ч содон, тийм болоод би хөөрхөн... Энэ сэтгэлзүйн шилжилт хэрхэн яаж явагдсаныг мэдэхгүй, магадгүй би том болсон юм байлгүй. 

Төгс төгөлдөр, гоё сайхан гэдэг шалгуурыг бид өөрөө өөрсдөө би болгочихоод түүнтэйгээ өөрийгөө харьцуулаад л суугаад байж шүү дээ. Би бол төгс төгөлдөрийн гайхамшиг, гайхалтай ажилладаг эд эрхтэнүүдийн систем, орой дээрээ дэлхийн хамгийн ярвигтай компьютерээс хэд мянга сая дахин илүү тооцоолон бодох чадвартай машин суулгачихаад өөрөө өөрийгөө гоочлоод амьдардаг байсан байх гэж... Харамсалтай ч юм шиг... 

Сэтгэл хямралтай энэ үеийг давж туулаад энэ хэвээрээ үлдээгүйдээ би маш их баярладаг. Өөртөө сэтгэл дундуур байснаараа би маш их цагийг өөрийгөө гоочилж, өөртөө итгэх итгэлээ шалан дээр дэвсэлж, бусдын өмнө дорой болж, бусадтай өөрийгөө харьцуулах судалгаа шинжилгээ хийхэд зарцуулдаг байснаа анзаарсан. Тэр ч бүү хэл өөртөө сэтгэл дундуур байдаг хүнд бусад хүмүүс ч сайхан харагддагүй. Би энэ ертөнц дээрх олон зүйлсийн гоо сайхныг огт анзаараагүй ямар ч гунигтай амьдарч байсан юм бэ дээ...
Одоо бол би тэр цагийг өөдрөг байх, инээж хөхрөх, эрүүл сайхан хооллох, эрүүл аргаар биеэ хөгжүүлэх, бүр гайхалтай нь оюунаа хөгжүүлэхэд зарцуулж байна. Би тэр оюун санааны шилжилтийг хийгээгүй байсан бол өдийд тэгээд л өөр хүмүүсийн ФБ ухаад, шинжлээд шүүмжлээд, харьцуулаад л сууж байгаа байх даа гэж бодогдож байна. 

Эцэст нь хэлэхэд гоо сайхан бол та, таниас өөр хэн ч биш...
Төгс төгөлдөрийн хэмжүүр нь та, өөрийгөө хайрласан цагт та дэлхий дээрх хамгийн хөөрхөн гэдгээ алхан тутамдаа, цаг минут бүрт мэдрэх болно. Бас бусад хүмүүсийн гоо сайхныг ч анзаарах болно. Сайхан зүйлсийг байнга харж амьдрах гайхалтай биш гэж үү?

Monday, June 30, 2014


Хэн нэгэнтэй учирсан нь аз биш эз болсон тохиолдол энэ дэлхий дээр амьдрах долоон тэрбум хоёр зуун дөчин таван сая дөрвөн зуун хорин найман мянга далан таван хүний хэдэд нь тохиолдож байдаг бол? Бүх хайр аугаа байдаггүй, бүх хайр аз жаргалтай төгсдөггүй учраас хүмүүс хайрын түүхийн аз жаргалтай төгсгөлд тэгтлээ шимтэн дурладаг байх аа. 

- Би чамтай яг өнөөдрөөс мянга дөрвөн зуун хорин гурван өдөр зургаан цаг хорин хоёр минутийн өмнө учирсан бол чиний тансаг үнэрээр амьсгалж унтах азтай төрсөн тэр залуугийн оронд байх байж дээ. 
- Үгүй байх аа. 
- Яагаад? 
- Хэрэв би хүнийх биш байсан бол чи хэзээ ч намайг олж харахгүй байсан... 
- Байна уу? ... 

Нээрээ л үнэн юм даа. Би хэзээ ч амархан авчих, амархан хүрэх зүйлд тэмүүлж байгаагүй юм байна. Би хэзээ ч надад өөрөө хүрээд ирж 
байгаа зүйлсийн үнэ цэнийг ойлгож байгаагүй юм байна. Энэ хүн төрөлхтний төрөлхийн зан араншингийн нэг хэсэг үү эсвэл зөвхөн надад байдаг шунал, атаархлын нэг хэлбэр үү? 
Намайг гээд өөрөө хүрээд ирэх бүсгүй хүний гоо сайханд уусч байсан удаагүй юм байна...
Би ер нь адал явдал хайгч нэгэн үү эсвэл адгаж зөрөх дуртай нэгэн үү? аль нь боловч би хүний зүйлд шунадаг нэгэн юм... гэж бодсоор суутал хоёр дахь янжуур аль хэдийн шатаж дуусаад унтарч байлаа. 

Гурав дахь янжууртай хамт аав ээжийн тухай бодол орж ирлээ. Ээж аавууд хүүхдээ маш ихээр хайрладаг харин хүүхдүүд тэднийгээ буцааж яг ижил хайраар хайрлаж чадалгүй алдсаныхаа дараа халаглан суудаг нь ч үүнтэй холбоотой юм байна тийм үү? Хэвлийдээ байгаа бяцхан жаал хэзээ ч аав ээжээ харахаар тэмүүлэн догдолдоггүй шүү дээ. Аав ээжүүд харин хүүхдээ арван сар тэсэн ядан хүлээдэг. Хүүхдүүдэд ээж аав бол өөрсдийн хичээл зүтгэлгүйгээр олддог хүмүүс...  

Тийм, чиний зөв байж... хэрэв чи хүнийх биш байсан бол надад онцгой санагдахгүй байсан. Хүнийхдээ биш хүрэхэд хэцүү оргил өөд тэмүүлдэгтээ, авахад амархан зүйлд сонирхолгүй байдагтаа үд дундын наранд дэлбээгээ дэлгэсэн цэцэг шиг эрхэмсэг эмэгтэйн дэргэдүүр өнгөрч чам руу алхана би... 

Tuesday, November 20, 2012

Хөлөрсөн алга

Автобусанд сууж явахдаа бариулаас нь барих үнэхээр дургүй. "Эрэгтэй хүмүүс бие засахдаа нөгөө юунаасаа барьж бие засчихаад, гараа угаадаггүй заваан, гар битгий барьж бай" гэж ээж хэлж байсныг дандаа боддог юм. Тэгээд угаалгын өрөө ороод гарч ирж байгаа хүмүүсийг эрэгтэй эмэгтэй гэлтгүй гараа угааж байна уу үгүй юу гэж ажигладаг бөгөөд, хэрэв гараа угаахгүй байвал түүний гараас барихгүй байх гэж хичээдэг. Хэрэв зайлшгүй тохиолдлоор гар барьсан бол дараа нь өөрийнхөө гарыг угаахаар угаалгын өрөө явах гэдэг ярвигтай асуудалтай тулгардаг билээ. 
Өлзийтөгс эгчийн номыг уншиж байгаад нэг өгүүлэлдээ яг энэ тухай бичсэн байлаа. Ээж бид хоёр шиг сэжигч хүн байдаг байх нь бас... 

Бүх нийтээр угаалгын өрөөнд орсны дараа гараа угааж хэвшвэл ямар гоё вэ? Манай сургууль дээр саван бас гар арчих салбайдаг байдаг нь намайг баярлуулдаг бөгөөд хүн бүр угаалгын өрөөнөөс гарахдаа гараа угаасан гарч ирдэг нь намайг бүр их баярлуулдаг юм. 

Угаалгын өрөөнөөс гарч ирсэн угаагаагүй гарнаас гадна хөлөрсөн гар надад үнэхээр муухай санагддаг. Гэхдээ миний гар бас ядрахаараа хөлрөөд байдаг л даа. Өөрөө зовлонг нь мэддэг байж, өөрт маань тохиолддог зүйлийг яагаад ингэж их сэжиглээд байдгийг мэдэхгүй юм. 
Харин энэ амьдралдаа хоёр хүний хөлөрсөн гарнаас хэзээ ч сэжиглэж үзээгүй. Дүү маань дандаа хөлөрсөн гартай явдаг юм. Гэхдээ дүүгийнхээ гарнаас сэжиглэж байсангүй. XS хэмжээтэй байхаас өдийг өгсүүлээд хөтөлсөөр ирсэн гарнаас хэрхэн сэжиглэж чадах билээ. 
Харин нэг нь миний найзын гар... Түүний гаранд хүрэхээрээ дандаа "Ямар сэжгийн чийгтэй гартай юм бэ?" гэж хэлдэг хэрнээ нэг ч удаа чин сэтгэлээсээ хэлж байсан удаагүй. Саяхан түүнээс "Чи дандаа намайг заваан хөлөрсөн гартай гэх юм" гэсэн гомдол ч гэх юм уу сэтгэгдэл ирсэн юм. 
Үнэндээ би чиний гарнаас хэзээ ч сэжиглэж байгаагүй юм шүү. Найзаа гэж ... :-)

Sunday, November 18, 2012

Болор хундага

Залхуугаа завгүй гэж халхлах шаардлагагүй тийм завгүй өдрүүд өнгөрч, үүний дараа ангийнхантайгаа үдэшлэгдэв... Одоо дулаан хөнжлөөрөө хөлөө хучаад дуугүй дүмбийж суудаг ч намайг хамгийн тэвчээртэй сонсдог мөн намайг энэ ертөнцтэй холбож өгдөг найзаа өвөр дээрээ тавиад түүний гар дээр хуруугаа гүйлгэн илбэж байна. :-)Ээлжит нэгэн өгүүлэл...

Таван жилийн өмнө өдөр бүр очдог дэлгүүрийн шилэн лангууны цаана шив шинэ, гэрэл ойсон болор хундага байлаа. Анх харсан мөчид борхон зүрх минь түг түг хийгээд урьд өмнө нь мэдэрч байгаагүй мэдрэмж төрсөн нь дурлал байж шүү дээ. 
Гэвч би дэлгүүр рүү орж болор хундаганы үнийг асуусангүй, зүгээр л үнэтэй байх би авч чадахгүй байх, түүнийг худалдаж авахын тулд би тэрбумтан болох шаардлагатай байх гэж бодоод л өнгөрсөн юм. Болор хундаганаас дарс шимэн уухад биш, түүнийг дэлгүүрийн лангуун дээрээс харахад илүү таатай санагдаж байлаа. Гэхдээ орой бүр түүнээс дарс шимэн ууж байна гэж мөрөөдөх дуртай байсныг нуух юун. Уг хундагыг харах бүрийдээ "Минийх болоорой" гэж сэтгэлдээ шивнэнэ.
Болор хундага минийх болсонгүй, би ч түүнийг авах гэж хичээсэнгүй, хундаганы үнийг ч асуусангүй, тэгсэн хэрнээ өдөр бүр дэлгүүрийн шилэн лангууны цаанаас түүнийг шуналтайяа ширтэн зогсоно. 
Нэгэн өдөр дэлгүүрийн шилэн лангууны ард миний хундага байсангүй. Тэр нэгэн эмэгтэйн гарт байлаа. Хэрэв би тэр эмэгтэйн оронд байсан бол болор хундагаа унагаад хагалчих вий гэсэндээ тас зуураад зогсох байсан биз, гэтэл өнөө эмэгтэй болор хундагыг минь хайнгадуу, огт ач холбогдол өгөлгүй нэг гараас нөгөө гартаа шидэлж зогсох аж. Түүнд өмнө нь олон хундага байсан бөгөөд, ирээдүйд ч олон хундага худалдан авах тул миний болор хундага түүний хувьд үнэ цэнэгүй мэт...

Мөрөөдлийн болор хундагаа өөр нэгэнд алдсан хэдий ч сэтгэлээр нэг их унасангүйд, дурлал тийм ч шаналалтай биш юм гэж бодоод л өнгөрсөн. За тэгээд удалгүй найзаас маань улаан хайрцагт хийж, цэнхэр туузаар чимэглэсэн бэлэг ирсэнд нээж үзвэл болор хундага - гайхалтай хийцтэй, бат бөх болор хундага. Түүнийг барихдаа унагачих вий гэж эмээхгүй хэрнээ, унагаачихсан ч яадаг юм гэсэн хайхрамжгүй сэтгэлгүйгээр түүнээс дарс шимэн ууна. Дарс ч амттай, хундага маань дарсны амтыг улам чимэх нь түүнийг уруулдаа хүргэж салгахгүй баймаар санагдуулдаг байлаа.
Гашуун дарсны амтыг бал бурмаар сольдог хундага минь гарт байсан тэр үед миний анх дуралсан хундага дэлгүүрийн лангуун дээр буцаад иржээ. Өнөөх эрээ цээргүй эмэгтэй түүнийг минь газар унагаад ирмэгээс нь хэлтэлсэн байлаа. Унагаж хэлтэлчихээд буцаагаад өгчихөж шүү дээ. Муу эмэгтэй... Миний болор хундага урьдынх шигээ гэрэлтэж, үзэсгэлэн төгс байдлаа алдаагүй боловч эмтэрхий ирмэгтэй болжээ. Гарт минь өөр нэгэн болор хундага байна. Гашуун дарсыг бал бурам болгодог болор хундагатай байж эмтэрхий хундагаар яах билээ...

Намайг өөрийн болор хундаганаасаа өдөр бүр дарс шимэн суух хооронд анх дурласан болор хундага маань хэд хэдэн удаа зарагдаж, хэд хэдэн удаа буцаагдав... Заримдаа түүнийг худалдан авсан хүн нь буцаадаг ч заримдаа тэр өөрөө буцаад ирсэн байдаг байлаа. 
Гартаа "Минийх" гэсэн тодотголтой шилэн хундагатай хэдий ч "минийх биш" гэсэн тодотголтой шилэн хундагыг хааяа харж, шохоорхон зогсоно. 

Ингээд 4 жилийн дараа би нүүхдээ найзын маань өгсөн хундага надтай хамт нүүхийг хүсээгүй тул гэртээ үлдээлээ. Болор хундага маань эзэндээ дэндүү хайртай тул өөр хэн нэгний хундага болохыг зөвшөөрөхгүй гэж мэдэж байсан тул санаа амар түүнийг шилэн тавиур дээр үлдээж чадна. 

Шинэ байшинд ороод өөрийн болор хундагаа бусад бүх зүйлээс илүү саналаа. Надад дарс байсангүй, дарс байсан ч өөр хундаганаас уухыг хүссэнгүй. Гэвч би хундага барьсан үедээ дарсанд дурлаад байснаа мэдэрч, дарсгүй амьдрал эрүүл ухаалаг амьдрал мэт мэдрэгдэх болсон үеэс би хундагаа нэгэнт үгүйлэхээ байжээ. Надад одоо хундага хэрэггүй. 

Тун удалгүй өнөө өдөр бүр очдог дэлгүүрийн худалдагчаас захидал ирлээ. "Өдөр бүр шилэн лангууны цаанаас шохоорхон хардаг байсан болор хундагыг чамд бэлэглэхээр шийдлээ. Чи өдөр бүр харсаар байгаад чинийх болхоор шийдсэн юм байлгүй энэ хундага, эд зүйл ч бас амьтай байдаг юм гэнэ билээ. Өөрийн эзнээ өөрөө сонгож, харцыг нь булаадаг юм гэнэ билээ." 

Энэ захидлыг аваад ухаангүй баярлав. Сэтгэл хөдлөлөө дарж чадахгүй балмагдав... Гэвч дэлгүүрийн эзэнд хариу захидал бичихээ түр хойшлуулан хүлээж, сэтгэл хөдлөлгүй үедээ хариулах нь зөв, болор хундага эмзэг бөгөөд нандин, түүнийг унагааж сэвтээх хэрэггүй... олон удаа эмтэрч болох ч нэг л удаа хагарна...

Маргааш нь... Анх дуралсан болор хундага дэлгүүрйин эзний захиаг уншиж дуусах хүртэл надад үнэ цэнэтэй байжээ. Минийх болох боломжтой болсон цагт үнэ цэнээ алддаг нь миний шуналтайгаас л болсон болов уу? 
Найзынхаа өгсөн болор хундагыг гартаа чанга атгаагүйн учир нь би дэлгүүрээс аваагүй өөрөө хүрээд ирсэн болохоор тэгээ байлгүй. 

Би дахин нүүхдээ болор хундага авахгүй. 
Анх дуралсан болор хундаганаас ч дарс амсахгүй. Миний харцыг дахиад булаах болор хундага хайж шинэ дэлгүүр оръё доо. 

 жич: зүрх бор биш улаан байдаг гэж би бодож байна.

Thursday, November 8, 2012

Дуу хоолой


Эргэн тойрон дүүрэн хүмүүс байгаа хэрнээ сэтгэл дотор ганцаардал ноёрхох өдөр хүн бүрт байдаг бизээ. Хэнд ч, бүр ээждээ ч хэлж чадалгүй нуудаг зүйл байдаг. Түүн шиг хамгийн дотно найз маань дэргэд байсан ч ганцаардах үе...
Хамгийн анх блогоо нээхдээ n-topsecret гэдэг хаягтай нээж билээ. Хэнд ч хэлэмгүй зүйлээ хэлэх гэж... 
Бүрэг ичимхий, өөртөө итгэлгүй алин болохыг бүү мэд ямар ч байсан өөрийн дотоод ертөнцөө хэн нэгэнд нээхийг хүсээгүй юм шиг. 

Үзэг цаас нийлүүлэн, оюун ухаанаа уудалж, цэвэрхэн цагаан цаасан дээр цэнхэр бэх бүжиглүүлэн бичдэг шиг компьютерийнхаа гар дээр хуруугаа гүйлгэн бичихдээ ихэнхдээ ямар нэг санааг алдчихгүй юмсан гэж, ямар нэгэн холбоо үгийг мартчихгүй юмсан гэж хэрхэн яарч адгаж байдгийг төсөөлөх таатай. Бичиж байгаа хуруу хүртэл сэтгэл дотроос гарах үгийг гүйцэхгүй үед тайзан дээр зогсоод байдаг чангаараа орилж, хашигрч байгаа юм шиг санагддаг. Яагаад бичээд байна - тайзан дээр зогсоод өөрийн бодож байгаагаа чангаар хэлж чадахгүй ч энэ дотоод сэтгэлдээ байгаа би-гээ уудлах гэж бусадтай хуваалцах гэж... 

Хэрэв та Өлзийтөгсийн "Үзэхийн хязгаар"-г уншсан бол тэр нэгэн өгүүлэлдээ бусад хүмүүс өөрийг нь юу гэж бодож, хэрхэн төсөөлөхөөс айлгүй бичдэг тухайгаа дурьдсан байдаг. 
Би ч гэсэн заримдаа бусад хүмүүс намайг юу гэж бодох бол гэсэн айдсаа таягдан хаях гэж хичээдэг. Гэхдээ бичиж байгаа үг бүрээр минь намайг дүгнэх хэрэггүй л болов уу? Бичиж байгаа тодорхой бус далд утгатай, ёгт үг өгүүлбэрийг уншаад зарим хүмүүс өөртөө тусган ойлгож, уурлаж, эсвэл өөр хэн нэгэнтэй холбон ойлгож, лавлаж асуудаг. Гэхдээ өдийг хүртэл хэн ч зөв таамаглаж байсангүй. Би хэн нэгэнд хандаж бичсэнг тэр хүн уншаад "үүнийг надад хандаж хэлээ юу" гэж асуувал би яах эсэхээ мэдэхгүй байна. Аз болоход энэ зүйл тохиолдоогүй бөгөөд, нэг бодлын азгүй ч байж болох юм. Миний хэлэх гэж хүссэн үгийг эндээс олоод уншаасай гэж бодож байсан тохиолдол бий. 

Хүмүүний ертөнцөд нарлаг сайхан байхад миний ертөнцөд бороо орж байх нь бий, эсрэгээрээ миний ертөнцөд нарлаг сайхан байхад хүмүүний ертөнцөд бүрхэг харанхуй ч байж болох юм. Гэхдээ сэтгэлдээ бүрхэг байхдаа ганцаардлыг мэдрэхээс би айдаггүй. Өдөр бүр нартай байх аваас нартай өдөрт хэрхэн талархаж сурах билээ? Бүрхэг өдрийн тэнгэр дор ганцаардаж үзсэний эцэст нартай өдөрт талархаж сурах бус уу? Би төрөлхийн гуниглах дуртай хүүхэд байсан юм шиг санагдах юм. Би гуниглах үнэхээр дуртай. 

Гайхалтай бичдэг, ухаалаг эмэгтэй Өлзийтөгсийг би чин сэтгэлээсээ хүндэлдэг. Түүний бичсэн зүйлстэй яг таг санаа нийлээд байдаг юм, үгүй шүү дээ гээд хэлэх тохиолдол надад гарч байсан удаагүй. Түүний бүтээлийг унших дуртай... гэвч түүнийг унших тусам түүнээс бичлэгийн стил хулгайлах хандлагатай болоод байх шиг санагдаад байх юм. Мэдээж би түүн шиг төгс бичдэг болтлоо өдий, гэхдээ бичлэг маань түүний стил, санааг хулгайлсан юм шиг санагдах болсонд жаахан харамсалтай байна, магадгүй өөр олон зүйл, олон зохиолчийн бүтээлийг уншдаггүй залхуу нэгэн болоод тэр биз. Гэхдээ би өөрийн давтагдашгүй бичлэгийн хэв маягтай болтлоо хэн нэгнийг давтаж, хулгайлах бололтой. Харин ганцхан хүнийг дагаж дуурайж байвал өөрийн биш түүний хэв маягийг өөртөө суулгах байх гэж эмээж байна. 

Монтекристо гүн номыг багадаа уншиж байхдаа Дантесийг хар үстэй, өндөр шулуун хамартай, мөрөөдлийн залуу мэтээр төсөөлж байсан боловч түүний киног үзээд үнэхээр ой гутаж билээ. Би хэзээ ч өөрийн сэтгэл зүрхэн дэх Дантесийн дүрийг царай муутай шар үстэй залуугаар солихгүй байхсан. Өлзийтөгс эгчийн дотоод сэтгэл яг над шиг байх гэж би төсөөлдөг юм. Уулзах боломж гараасай, ярилцаж үзэх юмсан. Уулзах боломж гарвал би тэнэг зүйл ярьж, эвгүй сэтгэгдэл үлдээвэл яана... за ингэж бодоод байвал биеэ бариад дараа нь уулзсан мөчөө санахгүй байх даа. Үнэн юм үнэнээрээ сайхан гэж өөрийнхөөрөө байна аа./Хэхэ уулзах ч юм шиг/

За тэгээд зөв буруу үг сонгож, хагас дутуу өгүүлбэрээр өөрийгөө илэрхийлэхчээ аядсаны дараа Монгол хэлээрээ ярих ямар сайхан гээч, сэтгэл доторх хамгийн нарийн мэдрэмжээ би зөвхөн Монгол хэлээрээ л илэрхийлж чадна. Эх хэлгүй хүн гэж байдаг болов уу? тийм бол ямар харамсалтай байхсан. 
Монголд байгаа бүх хүн унтаад өгсөн хойно надад зав гардаг болхоор хэнтэйгээ ч ярих билээ, дэлгэцтэйгээ ярьж буй нь энэ. Үүнийг мөн өөр нэгэн дэлгэцтэйгээ ярьдаг хүн сонсоно. :-)

Wednesday, October 31, 2012

Folder

Миний найз Цэцгээ, цагаан өнгөнд дуртай, бууз хуушуур, цуйванд хорхойтой бас кока коланд нугасгүй. 1991 оны 13 сарын 32-нд төрсөн. Гурван жилийн өмнөөс ТИС-д сурдаг байсан Болд гэдэг залуутай үерхдэг бөгөөд удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байгаа. 

Харин тэр залууг Амараа гэдэг юм, маш сайн хөл бөмбөг тоголдог бөгөөд гэм нь шоучин. Манай ангийн Туяа энэ залууг лав шохоорхдог байх аа, Туяа гэснээс Туяа нээрээ дипломын ажлаа гоо сайхын мэс заслын талаар бичих гэж байгаа.

Тархин дахь бяцхан мэдээллийн сан маань миний бодож байгаа адил бяцхан биш бололтой. Энэ мэт мэдээллийг миний тархи бүгдийг нь фолдер фолдероор, файл файлаар нь цэгцлээд хадгалсан байдаг юм. Найзуудын, гэр бүлийн гээд олон хүмүүсийн facebook /myspace, hi5/ profile миний толгойд байдаг бөгөөд, энэхүү profile-н мэдээллийн санг хаах аваас, сургуулийн information system дэх зарим мэдээллүүдийг алдан онон хадгалсан бас нэгэн фолдер бий. Уг нь бүгдийг нь хадгалах ёстой л доо. Даан ч...

Өмнө нь сурж байсан сургуулиас авсан мэдээллүүдээ уг нь өөр фолдерт хадгалж байсан хэдий ч одоо холилдчихжээ. Бас тухайн үедээ эдгээр файлуудыг бүрэн эхээр нь бас илүү цэгцтэй хадгалахгүй яав даа гэж жаахан харамсаж байна. Үнэхээр замбараагүй. Эхэндээ уг нь шинэ хуучин фолдеруудаа ялгаж салгаж, тус тусад нь subfolder-уудад хийдэг байлаа. Сүүлдээ ч дэндүү их болхоор нь шууд суулгаад байдаг болж байна. За хичээлийн энэхүү фолдеруудыг ойрд ч бага нээлээ дээ. 

Бодол хөвөрсөөр... Нэг фолдер нээлээ, тэр фолдер-оос түүнтэй холбоотой өөр нэгэн хавтас руу шилжиж болдог бөгөөд ямар нэг фолдерийг нээсэн л бол яаж ийгээд дараа дараагийнх руугаа шилжиж ороод, дуусахгүй... 

Амьдралдаа байнга санаж явдаг - хэзээ ч мартдаггүй. Мартаж байсан боловч буцаад сэргээсэн олон мэдээллүүд миний тархинд хадгалагдаж байна. 

Харин би нэг фолдерт байсан мэдээллүүдийг буруу нэр өгч хадгалж байсан юм байна. Тэгээд бүх нэрүүдийг нь edit хийж дахин бичих гэж овоо цаг, бас сэтгэл хөдлөл зарцууллаа. 
Харин одоо анхны өгсөн нэрүүд бүгд зөв байсан юм болов уу гэж бодож байна. Уг нь зассан нэр яг сайхан таараад ч байгаа юм шиг, бас сэтгэлд нийцээд байсан юмсан.

Өнөөдөр хэн нэгэн хаа нэгтээ хадгалагдаж байсан фолдероос гараад ирлээ. 

Харин байнга нээдэг фолдероо дахиж нээхгүй байсан дээр юм байна гэж ухаарч байна. Гэхдээ чадах болов уу? 
Чадна аа. :-)

Monday, October 1, 2012

Өвөр Монгол ах

Хүмүүс энд намайг дандаа л Хятад гэх юм... Монгол гэж хэлсээр байтал Хятадууд ер нь ийм л байдаг гээд л... Оронд нь Азиуд гэвэл би баярлах байлаа. 

Хятад гэснээс өнгөрсөн зун Бээжинд байхад дүү бид 2-г дагуулж хамаг ажлаа алдсан Өвөр Монгол ах их сайхан хүн байсан шүү. Тэр ахтай уулзаад Өвөр Монгол хүмүүст Монгол гэсэн сэтгэл их байдаг юм байна гэдгийг ухаарсан. 

Улс төр: Тэр ах, дүү бид 2-оос улс төрд нэрээ дэвшүүлж байгаа нэгэн эрхмийн өмнө нь юу хийж байсныг асуулаа. Би өмнө нь тэр эрхмийн нэрийг сонсож байсан тул багагүй алдартай эрхэм гэдгийг нь мэдэж байсан ч түүний талаар миний мэдэх юм сонсож байсан нэрнээс цаашгүй ажээ. 
Бантсан шахуу нүүрэндээ:
 - Би улс төр сонирхдоггүй ээ, улс төр сонирхохоор уур хүрээд байдаг юм л гэлээ. Гэтэл Өвөр Монгол ах:
 - Өөрийг чинь хэн төлөөлж байна, хэн чиний өмнөөс шийдвэр гаргаж байна, тэр хүн ямар хүн бэ гэдгийг мэддэг байх ёстой гэлээ. Нээрээ ч тийм шүү. Цаашлаад 
 - "Манай" Монголын улс төр гэж заваарсан юм байх юм, хүн амьтанд ярихаас ичиж үхмээр гэдэг байна шүү. Манай гэдэг үгэнд жаахан гайхаад, "
 - Та сая манай гэлээ? гэтэл:
 - Бид үндэс угсаа нэгтэй, үндэс язгуурын маань гал голомтыг залгуулж байгаа хүмүүс хэрхэн амьдарч байгааг сонирхолгүй яах вэ дээ. Уг нь манай Монголчууд энэ Хятадуудаас хавь илүү хөгжилтэй, хавь илүү баян, хангалуун амьдрах ёстой юм байгаа юм шүү дээ. Баялаг байна. Даан ч баялгаа өнөө маргаашын талхны мөнгөөс л өгөөд байх юм. Энэ Хятадууд манайхнаас талхны мөнгөөр сольж авчихаад л үнэ хүргээд байхад... За тэгээд одоо та нарын үеийн хүүхдүүд, шуналтай улс төрчдийг түрэн гаргаад ямар нэг өөр юм хийх байлгүй дээ. 
 - Харин тийм ээ гэж би яг чин сэтгэлээсээ хэлээд, нөгөө улс төрчийн тухай юу ч мэдэхгүйдээ бантсаар л суув. 
 - Ийм замаар явлаа, олон ч зүйлийг талхны мөнгөөр сольж байна. Гэвч ингэж амьдраад бүтэхгүй болохгүй байна гэдгийг ухаарсан олон Монгол хүмүүс өөрчлөлт хүсч байгаа байлгүй... 
 - Та Монголд ойр ойрхон очдог уу?
 - Би ч очилгүй удлаа даа. 5, 6 жил болж байна. Тэгж байгаад очмоор л байна... 

Энэ харилцан ярианаас хэд хоногийн дараа 
 - Сүүлийн үед Монголд ямар залуу зохиолын дуучид гарч байна даа гэж асуулаа. Тэр ахын машинд дандаа Монгол дуу эсвэл сонгодог хөгжим эгшиглэдэг юм. Машинд нь Хятад дуу нэг ч удаа сонсож байгаагүй ээ. 

Мөн нэг өдөр тэр ах жаахан ядарсан царайтай харагдлаа. Тэгээд урьд шөнө юу хийснээ ярихад дүү бид 2 үхтлээ инээж билээ. 
 - Урьд шөнө нэг найзындаа очиж, архи ууж, хөзөр тоглолоо. Тэгээд орой болсон нөгөө 2 найз маань "Хоноод яв, орой болж" гэхээр нь унтах санаатай хэвтсэн чинь хоёр муу хүүр чинь шөнөжин мотор асаагаад унтуулсангүй гэлээ. 
Өвөр Монгол хүмүүсийн үгийн сангийн тухай хачирхалтай элэглэл зөндөө байдгийг сонсоод инээж л явсан. Тэгээд тэр ахтай уулзсаны эцэст "Маск"-нхан арай хэтрүүлжээ гэдгийг ухаарсан юм даа. 

Wednesday, October 5, 2011

-Та намарт дуртай юу?





-Та намарт дуртай юу?

-Тийм ч их биш ээ.
            Модод нүцгэрч навчис унаад, гунигтай байдаг юм.
-Та харин дуртай юу?
-Тийм ээ маш их дуртай.
            Газар дэлхий тэр чигээрээ алтан шаргал өнгөөр бүрхэж
            Гишгих бүрийд навчис шажиганаад гоё байдаг.
-Тэгвэл та дуртай юу?
-Би намарт дуртай ч биш дургүй ч биш
Гунигийн аадар ганцхан над дээр бууж сэтгэл нэвт норгоод
Гуниглахдаа би хаана ч байхгүй тэр залууг сэтгэлээсээ хайгаад байдаг болохоор би дургүй.
Гэтэл
Намрын налгар өдөр бодолдоо уусан явахдаа
Нартын амьдралыг тунгаах цаг гардаг болохоор би дуртай.

Sunday, May 22, 2011



Түрүүхэн чи минь гарахдаа намайгаа тэврэн үнссэн
Сарнай цэцгийн эмзэг дэлбээ уруулыг минь илбэх мэт...
Тэгэхэд үнссэн үнсэлтийн бал бурам шиг амт нь
Сэтгэлд минь уруул дээр минь одоо ч ив илхэн


Чи минь яваад удаагүй л дээ арав магадгүй тавхан хором
Гэтэл би чамайгаа яасан ихээр санана вэ мянган жил хагацсан мэт...
Час халуун үнсэлтийг би зуун жил амсаагүй мэт үгүйлж
Гэгэлгэн сэтгэл догдлон, уруулаа илбэн цонх ширтлээ 
 Миний уруул, миний сэтгэл миний эд эс бүхэн тэмүүлнэ...


Саяхан гараад явсан ч чинийхээ араас гүймээр, тогтохгүй нь ээ...
Гэвч
Саран авхай хэзээ ч үүл даган нүүдэггүй юм, тэр тогтуун...
Үдшийн бүрий болжээ чи минь гэртээ хурдхан очоорой
Өглөө болтол чамтайгаа уулзаж би чадахгүй ч уулзахгүй байж тэвчихгүй


Гантай зуны цэцэгс бороон дусал хүсдэг шиг би хүснэ...
Чамайгаа
Ганцаар биш чинийхээ дэргэд өглөөтэй золгохыг мөрөөдөнө.
Хайрт минь би чамтайгаа шөнөжин хүүрнэж хоноё
Хажууд минь хэвтэж үсийг минь илбэн энхрийлээч
Халуун амьсгалаараа зулайг минь төөнөн дулаацуулаач
Хоёр нүдэн дээр минь ээлжлэн үнсч жаргаагаач
Дэр хуваан хэвтэж миний зүүдэнд ирээч... найз нь хүлээнэ...
Дэлхий дээр хоёуулахнаа юм шиг шөнөжин бүжиглэж хоноё
Дэнгийн гэрэл тасарч харуй болтол чинийхээ гарыг атгая
Дэргэд минь чи байхад би юунаас ч айхгүй... мөнхийн амар амгалан...

Sunday, February 27, 2011

Bottom of Form


Bottom of Form
Би сохор байсан
Би дүлий байсан
Би хулчгар байсан
Гэтэл одоо
Би халуун сэтгэл, хатуу итгэл, ганган инээд
Би сохор байсан
Би нугын цэцэгс үнэр шигээ сайхан харагддагийг мэдэлгүй тасддаг байсан.
Би дүлий байсан
Би уртын дуу сэтгэл гэгэлзүүлж нулимс гаргадгийг мэдэлгүй сонсдоггүй  байсан.
Би хулчгар байсан
Би хууртахаас айсандаа хүнд итгэдгүй шаналахаас айсандаа хайрладаггүй  байсан
Гэтэл одоо
Би нарны туяаг утас болгон хөвж агаарт түмэн янзын зураг зурж чадна
Би сарны гэрлийг үзэг болгон барьж тэнгэрт хайрын шүлэг холбож чадна
Би алтан гургалдай дуулахыг сонсоод дууны шүлгийг нь ойлгож чадна
Би алтан навчис хийсэхийг хараад юу өгүүлэхийг нь хүүрнэж чадна
Тийм ээ
Би одоо мөрөөдөж чадна
Би сэтгэлээ мөрөөдлөөр хөлөглөн ирээдүйн нэгэн өдөр лүү чамтайгаа нисч чадна
Би зүрхээ зоригоор хурцлан зуун зуун жил ч цор ганцаар чамайгаа хүлээж чадна
Би хайраа итгэлээр бамбайлан насан туршдаа ганцхан чинийхээ дэргэд байж чадна
Би уруулаа үнсэлтээр чимэглэн чинийхээ гарыг хэзээ ч тавихгүй атгаж чадна
Сэтгэлд минь хайр дэлбээлж би орчлонгийн олон гайхалтай өнгийг харж байна.
Би хараатай болсон
Зүрхэнд минь итгэл асч би байгалийн чимээг биширч байна

Би сонсголтой болсон

Tuesday, September 14, 2010

Хоёр жилийн өмнө ЁС ЗҮЙ гэдэг хичээл дээр энэхүү илтгэлийг бичиж байж билээ. Түүнээс хойш энэхүү файл тоос шороонд дарагдан D disc дотор хоёр жилийг үджээ.

Хүүхдийн хүмүүжилд бидний нөлөөлөл
Хүн болгон математикч болох албагүй
Гэхдээ тэд бүгд л эцэг эх болцгоодог гэдэг үг байдаг.
Таны бяцхан үр, таны бяцхан дүү өнөөдөр хэр зөв хүмүүжиж, төлөвшиж байгаа бол, та тэр бяцхан иргэнд аав ээжийн хувьд, ах эгчийн хувьд ямар үлгэр дуурайл үзүүлж байгаа бол?... Энэ бол бодууштай л зүйл юм.
            Бидний хойч залгамжлагч халаа болсон хүүхэд багачуудын хүмүүжлийн асуудал гүн доройтолд ороод байна гэж миний зүгээс дүгнэдэг. Түүний олон жишээ байна: Хамгийн сүүлийн үеийн баттай эх сурвалжаас 2008 оны байдлаар бага насны хүүхэдтэй холбоотой 504 гэмт хэрэг гарсны зөвхөн 16 нь бидний гудамжны гэж хочилдог гэр бүлийн хараа хяналтгүй хүүхдүүдийн оролцоотой байсан байна. Бусад 488 бага насны гэмт хэрэгтээс 350 орчим нь эцэг эхийн хараа хяналтанд байсан ажээ. Мөн тамхичдын нас улам залуужсаар 11-12 насны жаахан хүүхдүүд тамхи татах үзэгдэл гарч байна. Энэ бүхэн намайг энэхүү илтгэлийн сэдвээ хүүхдийн хүмүүжлийн талаар сонгоход хүргэлээ.
            “Хүн эхээс төрөхдөө муу хүн болж төрдөггүй” хэмээх үг байдаг. Аливаа хүн харам сэтгэл, атаархуу зан, хайрлаж энэрэх сэтгэлтэй байх, худал хэлэх, хулгай хийх дадалтай болох, бусдыг хүндлэх, бусдад туслах эрмэлзлэлтэй байх зэрэг шинж чанаруудын ихэнх нь байгалиас заяасан бус олдмол зүйл бөгөөд, төрөхдөө эдгээрээс өчүүхнийг өөртөө агуулж байдаг, харин амьдрах явцдаа тэдгээрийг хөгжүүлж эсвэл заримыг нь гээдэг гэдэгт би итгэдэг.
“Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа” гэдэг. Хүний төлөвшилийн гол цөм 0-16 насанд бүрэлддэг. Энэ нас эцэг эхийн гар дээр хүмүүждэг нас билээ. Тэгэхээр хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг асар их байдаг. Цэцэг цэврүү шиг хөөрхөн хүүхэд гэж хүмүүс хүүхдээ өхөөрдөх нь бий. Тэр ч утгаараа хүүхдийг цэцгээр төлөөлүүлэн үзье. Цэцэг хөрс шорооноос шим тэжээл авч ургадгийн адил гэр бүл хүүхдийн зөв бодол, зөв хүмүүжлийн шим тэжээлийг бүрэлдүүлж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл эцэг эх хүүхдэдээ зөв үлгэр дуурайл үзүүлж, дэргэд нь хэрэлдэх, ёс бус үг хэллэг хэлэхээс зайлсхийх нь зөв. Эцэг эхийн үйлдэл хүүхдэд шууд тусдаг. Өөрөөр хэлбэл хүүхэд тэдгээрийн хэлж буй үг, хйиж буй үйлдлийн зөв бурууг ялгаж салгаж чаддаггүй учраас бусад эрэгтэй хүмүүсийг аав шигээ, эмэгтэй хүмүүсийг ээж шигэ төсөөлж, амьдралыг үзэх үзлийн анхны хувилбарыг эцэг эхээсээ хуулбарладаг. Мөн бусадтай харилцахдаа гэр бүлийнхэн хоорондоо хэрхэн харьцаж байгааг үлгэрлэн харуулдаг. Үүнийг ухаарсан нэгэн мэргэн хүн “Хүүхэд бол гэр бүлийн толь” хэмээх мэргэн үгийг хэлсэн биз ээ. Алтан нарны цацраг арчаагүй бяцхан дэлбээг тэтгэн цэцгийн цоморлиг босгодог шиг багшийн үг бүр хүүхдийн оюун ухаанд шууд тусан үлддэг. Тиймээс багшийг наран адил бодож, үг бүрийг нь нарны цацраг адил санахад хэлсдэхгүй болов уу? Эцэг эхийнхээ үгийг сонсдоггүй эрх хүүхэд ч гэсэн багшийнхаа үгийг нэгийг ч гээлгүй биелүүлж байх нь ажиглагддаг. Иймээс хүүхдийнхээ багшаар дамжуулж хүүхдэдээ эцэг эхийн зүгээс хэлж чаддаггүй ч тэднийг мэдээсэй гэж хүсдэг олон зүйлсийг сургаж болох юм. Үүнийг мэддэг эцэг эхчүүд хүүхдийнхээ багштай сайн танилцсан байдаг юм. Нэг цэцэрлэгт ургадаг цэцэгсээс нэг нь л хатаж гандахад бусдадаа халдан тардаг. Тиймээс таны хүүхдийн найз нөхөд, ангийн андуудын хүмүүжил ч бас таны анхаарууштай зүйл юм. Хүнийг нөхрөөр нь шинждэг гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Модны дэргэд ургадаг цэцэг модыг өндөрт ургах тусам даган дээшээ тэмүүлж байдаг учраас модны ёроолд ургадаг цэцэг бусдаас өндөр ургасан байдаг, энэ лугаа адил ухаалаг зөв зүйлийг зааж сургах ах эгчтэй хүүхдүүд амжилттай байх нь олонтаа. Энэ үгээр ах эгч нь ямар амжилт гаргана хүүхэд түүнд тэмүүлж байдаг юм гэсэн бодлоо илэрхийлэхийг хүслээ. Таны амжилт мөн таны дүүгээсээ хүлээх хүндлэлийг өсгөх нь гарцаагүй. Миний бодлоор хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа нь тэд бүгд л бусдаар хүндлүүлэхийг хүсдэг атлаа, өөрөө бусдыг хэр хүндэтгэдэг бол... Өөрөөсөө ахмад хүнийг хүндлэхгүй байж, жаахан дүүгээ өөрийгөө хүндлэ гэж шаардах нь тухайн хүний ухамсар дорой байгааг илтгэх болов уу?
            Нялх хүүхдийн оюун санаа цав цагаан цаастай адил гэх үг байдаг. Хүүхэд тэр цав цагаан цаасан дээрээ хамгийн түрүүнд аав ээжийнхээ дүр зургийг буулгадаг болов уу?
... Хараад л инээмсэглэж, амттай сайхан сүүгээр хооллодог сайхан үстэй үзэсгэлэнтэй эмэгтэй миний ээж юм байна гэж баярлана. Харин үргэлж өхөөрдөн тоглож, хайрлан энхрийлдэг баргил хоолойтой бахим эр миний аав юм байна хэмээн бахархана. Гэтэл нэгэн өдөр аав ээж нь маргалдаж, уурандаа элдэв үгээр бие биеэ хэлж гэж бодъё. Тэр хүүхдийн сэтгэлд байгаа аав ээжийнх нь зурган дээгүүр хар будаг асгаран урсах болно. Тийм биш гэж үү? “Бурхан мэт сэтгэж, хайрлан хүндэлж байдаг эцэг эхийнх нь тухай бодол нь гэнэт үгүйсгэгдэнэ гэдэг хүүхдэд маш том цохилт болох байхаа. Ой санаанд нь байсан гэр бүлийн аз жаргалтай дурсамж бүдгэрэн, муу муухай дурсамжийг цагаан цаасандаа нэмж зурна. Тэр муухай дурьдатгалыг баллуурдан арилгасан ч хэтэрхий чанга дарж зурснаас болоод, ор мөргүй арилаад өгөхгүй. Бүдэг бадаг үлдэж, хожмын өдрийн аз жаргалыг нь үлээн хийсгэнэ.
            Орчин үеийн квантын физик хүний бодол санаа өөрт эргэн ирэх соронзон долгионыг үүсгэдэг юм гэдгийг батлаад байна. Өөрөөр хэлбэл хүн аливаа зүйлийг үргэлж бодсноор тухайн зүйлийг биелэлээ олох магадлалыг нэмэгдүүлж байна гэсэн үг. Тиймээс хүүхдээ эерэг үзэл бодолтой, өөдрөг сэтгэлгээтэй болгож өсгөхөд анхаарах хэрэгтэй. Мөн хүн бол өөрийн оюун санааныхаа сав нь юм. Ямар ч хүн болор тавагтай амтгүй хоолноос илүү энгийн шаазан тавагтай амттай хоолыг илүүд үздэг. Иймд ухаалаг эзэгтэй ямагт аяганыхаа өнгөнд бус хоолныхоо амтанд илүү анхаарна. Та ч бас хүүхдээ ухаалаг хүн болоосой гэж хүсч байгаа бол аливаа зүйлийн өнгөнд бус дотоод мөн чанарт түшиглэн дүгнэлт хийдэг сэтгэлгээтэй болгох хэрэгтэй болов уу?
            Миний ажигласнаар Монгол хүмүүс хүүхдийн өөртөө итгэх итгэлийг мохоож, худал хэлэхээс өөр замгүй болгодог юм шиг санагддаг. Яагаад гэвэл тэд хүүхдийг буруу зүйл хийхэд нь зөөлөн үгээр ухааруулахын оронд шууд л чанга дуу хатуу үгээр загнадаг. Тэд хүүхэд гэнэн томоогүйгээсээ алдаа гаргадгийг хүлээн зөвшөөрдөггүй, хүүхдээсээ түүнд ахадсан зүйлсийг шаарддаг. Жишээ нь: Бат өөрийнхөө сурах бичгийг санамсаргүй алдчихжээ. Энэ тухайгаа ээждээ хэлэхийг хүсч, гэтэл өмнө нь номоо алга болгоход ээж нь түүнийг “тэнэг” гэж загнаж, алганы амт ч үзүүлж байсан удаатай учраас, тэр сурах бичгээ алга болгосон тухайгаа ээждээ хэлэлгүй, ямар нэгэн аргаар шинэ сурах бичигтэй болохоор шийджээ. Түүнд мөнгө байгаагүй болохоор Бат өөр хүүхдийн номыг хулгайлах, эсвэл ээждээ худал хэлж ном авах мөнгөө олохоос өөр арга байсангүй. Хэрэв Батын ээж түүнийг номоо алга болгосных нь төлөө зодож хатуурхаагүй байсан бол Бат хүүхдийн ном хулгайлж, ээждээ худал хэлэх шаардлагагүй байсан болов уу? Түүний ээжийн хувьд хүүхдийнх нь зөв хүмүүжлээс илүү дахин худалдаад авчих боломжтой сурах бичиг үнэтэй гэж үү? Мэдээж үгүй ээ... Харамсалтай нь хөөрхий эмэгтэй үүнийг ухамсарлаагүй байж болох юм.
         Нэмж хэлэхэд миний энэхүү илтгэл хэрэв та хүүхдээ орчлонгоос тасархай сайхан өсгөж хүмүүжүүлсний дараа хүүхэд тань ямар нэгэн зүйл тохиолдлооор нийгмийн муу муухай бүхнийг мэдвэл бүр илүү сэтгэлээр унах бус уу? Гэсэн асуултаар няцаагдах дөхөж билээ. Гэхдээ хүүхдийн хүмүүжлийн талаар надтай адилхан бодолтой явдаг багш маань хүүхдэд тэр бүхнийг үйлдлээрээ биш үгээр ойлгуулах хэрэгтэй. Хүүхэд муу муухай зүйл байдаг гэдгийг мэдэх нь манай гэр бүлд тийм зүйл байхгүй шүү дээ гэж ээж ааваараа бахархаж сэтгэл хангалуун амьдрах сэдэл төрүүлэх байх аа гэж хэлж билээ. Үнэндээ ингэж би аврагдаж байсан удаатай. Одоо энэхүү илтгэлээ уншаад сэтгэл үнэхээр хангалуун байна.
            Эцэст нь хэлэхэд та үргэлж Монголын бяцхан иргэдэд үлгэр жишээ болж яваарай!

Tuesday, June 22, 2010

Үхмээр санагдсан нэгэн өдөр

   
Би гэдэг хүн амьдралдаа дэндүү том сургамж болсон тэр нэгэн өдрийг ердөө мартдаггүй юм. Тэр үед болоод өнгөрсөн минут секунд бүрийг хэзээ ч мартахгүй биз? Үнэндээ тийм ч сайхан үйл явдал биш л дээ... Гэхдээ муу эхнэр бид хоёрын амьдралыг орвонгоор нь өөрчилж чадсан аймар ч юм шиг сайхан ч юм шиг явдал л даа.
    Хүн гэдэг амьтан ухаантай юм шиг атлаа бас дэндүү тэнэг ч юм шиг... Ямар нэгэн зүйлийг буруу гэдгийг мэдсээр байж хийгээд л байдаг. Болохгүй гэдгийг нь биеэрээ амсаж мэдэрч байж ухаардаг нь хүмүүсийг тэнэг гэдгийг өлхөөн батлаад өгч байгаа юм даа. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ ээ гэж... Архи гээч юманд бараг живих шахсан надад яг л тийм нэгэн явдал тохиолдсон юм. Бахархаад байхаар зүйл биш ч гэсэн сургамж болох юм болов уу гээд үүнийг дүү нартайгаа хуваалцах дуртай байдаг юм л даа. 
   Аймшигтай хүнд нэгэн ажлын өдөр өнгөрч "Өнөөдөр чинь яасан өдөр вэ? өдөржин даргад загнуулж хүмүүст ад үзэгдлээ" гэж бодсоор гэртээ ортол гэриийн богд маань аймар ууртай угтлаа. Аргагүй биз дээ би гэдэг хүн олсон хэдэн төгрөгөө хар усанд үрж, ажлын газраа согтуу ирээд жинхэнэ шоу тоглолт үзүүлээд түүгээр ч зогсохгүй гэртээ ирж түйвээгээд... ёстой л болгоод өгсөн байна лээ. За ингээд эхнэр минь  өнгөрсөн баларсан хамаг юмыг хамж аваад үгэлж гарах нь тэр дээ...  байнга найзуудтайгаа нийлж архи уудаг л гэнэ, хиртэй оймсоо орон доогуур бөөрөнхийлж шидлээ л гэнэ, засчих ёстой сандлыг засахгүй бүтэн сар боллоо л гэнэ үнэндээ арай сар болчихоогүй хорин хэд хонож байгаа даа гэж бодож суутал гэнэт "Төрүүлсэн ээж шигээ дурак новш, танайх удмаараа арчаагүй архичид" гэх нь сонсогдлоо. Би буруу сонсов уу??? Үгүй яалаа гэж надаас болж ээжийг минь ингэж хэлмэгдүүлнэ вэ? Олон жил тэвчээд энэ хараал идсэн үгсийг нь сонсож, загнуулж явлаа. Гэтэл эцэст нь өөд болсон ижийг минь доромжилж ясыг нь өндөлзүүлж байх гэж... хуцдаг халтар...
   "Төрүүлсэн ээж шигээ дурак новш, танайх удмаараа арчаагүй архичид" гэдэг үгийг сонсоод гараа өргөн авгайгаа алгадах хүртэл хоёр гурван хормын дотор ингэж бодож амжлаа. Гэдэс дотор бөөн хар чулуу орсон шиг пал хийгээд л явчихав. Ходоодонд өргөстэй том зараа тийчигнэж хатгуулаад дэлбэлэх гэж байгаа юм шиг санагдаж билээ. Энэ мэдрэмж ээжийг минь амьсгал хураасан яг л тэр мөчид төрж байсан санагдана. Нүд харанхуйлж, чих дүлийрээд сэтгэл дотроо гашуунаар цурхиран уйллаа. 
   Толгойд түмэн янзын бодол эргэлдэж, эргэн тойрноо нэг харлаа. Хүү минь нүдэндээ айдас дүүрэн нулимстай ээжийнхээ дэргэд ирсэн зогсчихож. Эхнэр минь нүүрээ даран цурхиран уйлж гарын салаагаар нь нулимс даган урсаж байв. Миний алгадсан хацар нь улаан гөврүү гарсан байлаа. Би гэдэг хүн хэсэг зогссоноо гэрээс гарлаа, харсан зүг рүүгээ явж үхмээр санагдлаа. Гэрээр дүүрэн уйлаан майлаан... Гараад хаашаа ч алхсан юм бүү мэд, яаж ирээд, яаж суусан нь ч мэдэхгүй нэг сандал дээр орь ганцаараа сууж байлаа. Үхмээр байна, үхмээр байна гэж өөртөө олон удаа давтан хэлсэн ч үнэхээр үхмээр байсан юм уу үгүй юм уу бүү мэд. Би чинь үхлээс үхтлээ айдаг хүн шүү дээ.

    Би гэдэг хүн гучин хэдэн насандаа архинд живж, амьдралаас ингэтлээ уйдчих гэж? Даан ч яав даа... Ээжийг минь буянтай буурал гэж ярьдаг байснаас тэнэг мангараар нь дуудаж байсан удаагүй. Тэгээд авгайгаа муу шулам гэж харааж зүхэж гарлаа. Архи авч уугаад, тас үсэрч бүхнийг мартан хорвоо ертөнцөөс тасармаар санагдсан ч гаслантай нь мөнгө байсангүй. Гэхдээ одоо бодоод байхад тэр үед надад ямар азаар мөнгө байгаагүй юм бэ дээ???
   Би чинь юу хийчихвээ??? Нүдний өмнүүр өдөр хоногууд урсан өнгөрч гурван жилийн өмнө нэгэн pub-д сууж байхад "Найз гэдгээ харуулаад энэ хундагыг тогтоочих" гэж хэлсэн баргил бүдүүн хоолой сонсогдлоо. Дараа нь ажил дээрээ банга хүртэж цалингаа торгуулчихаад түүнийг мартах гэж ууж байгаа хөөрхий залуугийн дүр төрх. Би гэдэг хүн ингээд л архичин болжээ. Үнэртээд огиудас хүрдэг байлаа, амсдаг боллоо, балгачихдаг боллоо, уудаг боллоо, одоо харин бараг живих гэж үгүй ээ живчихсэн байна. Гурван жилийн өмнө яг л тэр өдөр очоод "Уучлаарай би найз гэдгээ арай өөр юмаар батлан харуулъя" гэж хэлчихээд энэ өдөр буцаад ирвэл амьдрал ямар байх бол??? 
   Архи ууж ирээд агсам согтуу тавьж эхнэр хүүхдээ зовооно. Ямар сайндаа манай хүү цэцэрлэг дээрээ айл гэр болж тоглохдоо агсам тавьж байгаа согтуу хүн болж тоглох вэ дээ? Гэртээ ирээд зүгээр ч байхгүй юм хумаа эвдэж, заримдаа юмаа хулгайлж аваад архиар солиод уучихна. Цалинг надад өгөхөө болиод эхнэр сард хоёр удаа миний цалинг авах гэж ажил дээр ирдэг болсон байвал яах вэ? Ер нь л өнөө маргаашгүй ажлаасаа халагдах гээд дээсэн дөрөөн дээр дэнжигнэж явахад минь хэдийгээр маш муухай санагдсан ч эхнэр  маань зөв үгээ оноод хэлсэн шиг байгаа юм. Өмнө нь намайг архинаас гардаг элдэв эмчилгээнд явуулж, зодож заначиж, харааж зүхэж, уйлж унжиж, гуйж аргадаж яаж ч үзээд огтхон ч нөлөөлөөгүй юм. Архинаас гаръя гэсэн бодол чин сэтгэлийн угаас төрөөгүй байсан болхоор тэгсэн юм байлгүй дээ.
   Би өөрөө өөрийгөө хатуу зэмлэхээр шийдлээ. Өмнө нь үргэлж ч энэ ч болохгүй тэр ч бүтэхгүй байхад яаж архи уухгүй байх гэлээ гээд бөөн шалтаг тоочдог байлаа. Гэтэл яг л тэр өдөр, тэр сандал дээр бодит байдалтай зоригтойгоор нүүр тулан суулаа. Мэдээ орсон цагаас эхлэн миний амьдрал хүрд адил сэтгэлд эргэлдэж байлаа. Инээд цалгисан жаргалтай гэрт өссөн билээ. Халамжтай сайхан ээж, ноён нуруутай ухаалаг аав... Хүний урманд миний нүдэнд халамцуу харагдсан гэж үү тэд?? Үгүй шүү дээ. Гэтэл би өөрийн арчаагүй байдлаасаа болоод удам судраараа архичин хоч авч байдаг. Нэр хугарахаар яс хугар гэдэг юм. Үнэндээ яс хугарчих вий гэж үхтлээ айдаг би яагаад нэр хугарахаас огтхон ч айдаггүй юм бэ?? Ингээд насан өөд болсон хоёр буурлынхаа ясыг өндөлзүүлэхгүй байхсан гэж ч бодлоо. Тэр хоёр маань байсан бол хоёулаа намайг мөр бүтэн амьдраасай гэж хүсэх байсан. Эсвэл бурхны орноос намайг ухаараач гээд хараад суугаа ч юм бил үү? Толгойд түмэн янзын бодол, ямар ч эмх замбараагүй...

    Өөрийнхөө гар луу харлаа. Яг л энэ л гараараа түүнийхээ хуруунд хуримын бөгж зүүж өгч байсан бол өнөөдөр энэ гараараа түүний улаан нүүрэн дундуур нь алгадаад авчээ. Насан туршдаа жаргаана гэж авч суусансан гэтэл орой болгон бөөлжсөө угаалгаж, өдөр болгон нулимс, хараал хоёрыг нь урсгаж суух гэж??? Энгэрийг минь түшиж жаргах гэж надтай ханилсан гэтэл өнөөдөр гэрт орж эм, гадаа гарч эр болоод, ажлаа хийж, хүүхдээ асраад бас дээрээс нь галзуу шахуу болсон намайг харгалзах гэж... Ажил хийсэн царай гаргаж олсон хэдэн төгрөг маань үрж зарлагадаж, салхинд хийсгэж, эвдэж сүйтгэж байгаагийн маань хаана нь ч хүрэхгүй.
   Хөөрхий хүү минь ямар золгүй хувь тохиолоор над шиг арчаагүй хүнд хүрээд ирэв дээ. "Ааваа та дахиж архи уухгүй тийм ээ?" гэж ам өчиг дандаа авна. Хэзээ ч амалсандаа хүрч байгаагүй байхад минь "Тийм ээ аав нь уухгүй" гэж ичилгүй хэлэхэд минь чин сэтгэлээсээ итгэн баярлана. Хүү минь аав нь дахиж чинийхээ өмнө согтуу харагдахгүй. Үгээр биш чин сэтгэлээрээ амалж байна. Дахиж араатан шиг зан ааш гаргаж чамайгаа айлгахгүй. Хүн шиг сайхан амьдарна аа...
   Хүний сэтгэл жижгхэн оньсон түгжээгээр түгжигддэг шиг л санагддаг юм. Тэр оньсыг нээх ямар нэгэн зүйл байхгүй бол хэзээ ч хүний оюун санааг өөрчилж чадахгүй.
   Өмнө нь яаж ч оролдож байсан архинаас гаръя даа гэсэн бодол төрж байгаагүй юмдаг. Тэр үг харин миний сэтгэлийн оньсыг амархан тайлчихаж билээ.
   Хэдэн цаг ч суусан юм бүү мэд... Би олон зүйлийг бодлоо. түүнээс илүүг бодсон бол бараг гэгээрчих дөхсөн шүү. За ингээд босч хайш яайш болсон хувцас хунараа янзлаад гэрийн зүг алхлаа, алхаа түргэссээр, бүр түргэссээр гүйлээ. Найман давхар өөд харавсан сум шиг гүйсээр гэрийн хаалгаа тогштол надад онгойлгож өгөх шинжгүй ээ. Бас л согтуу ирж түйвээх нь гэж бодсон байх л даа. Гэхдээ яаж ч байсан муу эхнэр минь намайг гадаа хонуулж байсан удаагүй. Гэртээ ортол эхнэр хувцас хунараа цүнхэнд хийгээд явах гэж байлаа. Бүр аргаа барсан хүний л хийх зүйл байх даа... Уйлсаар байгаад давхраа нь арилтал нүд нь хавджээ. Намайг эв эрүүл сав саруул орж ирнэ гэж санаагүй байх. Би түүнийгээ тэвэрч нүдэн дээр нь үнслээ. Хайртай эхнэрээ тэвэрч үнсээгүй ямар удаа вэ? Ямар сайхан юм бэ? Эмэгтэй хүн дэндүү өр нимгэн юм. Хажиглаж түлхэж, уурласан ч үгүй... Миний уучлал гуйхыг, сайн сайхан амьдрал амлахыг минь, чин сэтгэлээсээ хайртайгаа хэлэхийг минь нэг ч үг нээгээгүй байхад сэтгэл зүрхээрээ мэдэрсэн юм уу гэлтэй. Хэн хэн нь үг дугарахгүй хэсэг зогслоо. Тэгээд би галын өрөөндөө очоод эвдэрсэн сандлаа авч хадлаа. Шөнө дөл болсон байхад солиотой ч юм шиг. Хажуу талын айл параа нүдэхэд би сандлаа яг хадаж дуусгалаа. Харин эхнэр маань багласан хүүгийнхээ хувцсуудыг буцааж шүүгээнд нь  хийлээ. Ингээд би хүүгийнхээ дэргэдүүр ороод унтлаа. Хүү минь хүзүүгээр тас тэвэрч унтлаа. Бид гурав нэг ч үг дугараагүй атлаа сэтгэл зүрхээрээ ойлгоцож байсан юм даа. Угаасаа өмнө нь улиг болтол нь амалсан болхоор амлалтын үгс тэдний чихэнд хий хоосон сонсогдох байсан биз? Үгээр биш үйлдлээрээ илэрхийлсэээн....
   Эрт босч эхнэртэйгээ нийлээд өглөөний цай бэлдлээ. Ингээд л миний амьдрал ер бусын гэгээлэг, эрүүл хэмнэлд орсон юм. Эхэндээ байнга л архи уумаар санагдаж байлаа, удалгүй хааяа л тэгж санагддаж боллоо. Маш их тэвчээр гаргасны хүчинд одоо огтхон ч тэгж санагдахаа больсон шүү. Заримдаа би өөрийгөө ухаарч чадсан сайн хүн гэж бодож бардамнах дуртай. Эхнэр маань ч гэсэн бурхны аврал гээч л тэр байх гэж ярьдаг юм. Үнэндээ эхнэрийн минь л аврал л даа. Олон хүмүүс яг л хэдэн жилийн өмнөх над шиг архинд живж, уусаж байна. Гэвч тэд гарч чадахгүй байсаар л... Тэгхээр би тэдний дэргэд догь амьтан байгаа биз дээ???
    За ингээд ахынх нь хэлэх үг бол ямар нэгэн зүйлд чин сэтгэлээсээ зорихгүй бол бүтэхгүй. Бие бол сэтгэл хаашаа яв гэсэн тэр зүг хийсдэг хамхуул шүү дээ гэж.

Saturday, June 5, 2010

Бяцхан охиндоо...


Хорин дөрвөн жилийн өмнөх намрын нэгэн бороотой үдэш бяцхан чи минь мэндэлж, хар багаасаа өдөр бүр сонсдог байсан хаалганы хонхны дуу шиг час хийн уйлсан билээ. Тэр үдэш аав нь хөл газар хүрэхгүй хэрхэн баярлаж байсныг илэрхийлэхэд дэлхий дээрх бүх хэлний үгсээс яг тохирох үг олдохгүй биз... Төрөх гэж шаналж байгаа ээжийг нь хараад зүрх зүсэн өвдөхдөө, энэ өвчин шаналалын тал нь ч болов надад ирээсэй гэж бодож билээ. "Аав, ээж хоёр нь чамайг харах гэж мөн ч удаан хүлээсэн дээ, хурдан хүрээд ир үр минь" гэж сэтгэлдээ олон удаа хэлсэн. Аавынхаа энэ л үгийг сонссон юм шиг чи минь энэ хорвоо дээр мэндэлж үрийн зулай үнэрлэх азтай хувь заяаг ээж бид хоёртоо хайрласан. Охиныхоо баастай даавууг угааж байхдаа эцэг хүний жаргал энэ юм уу гэж боддог байж билээ. Хонгорхон охиныхоо зулайг үнэрлэхэд дэлхийн хамгийн тансаг цэцэг ч чамаас минь анхилуун үнэртэй байж чадахгүй байх гэж боддогсон. Ажил тарах дөхөхөөр чинийхээ үнэрийг үнэртэх гэж дэндүү яарч цаг минут тоолон хүлээж суудагсан. Гэртээ оруут гутлаа тайлаад л охин руугаа гүйнэ. Булбарайхан хацрыг нь үнсэж, зулайн үнэрийг нь үнэртэх гэж яарахад "Гараа угаалгүй хүүхдэд хүрлээ" гээд ээжид нь загнуулдагсан. Хол байхдаа хүртэл охиныхоо тухай бодоход үнэр нь үнэртэж, сэтгэл аз жаргалаар дүүрэн болдог байлаа. Хайртай охиноо элгэндээ тэвэрч, зулайг нь үнэрлээд, нойрсож байгааг нь хараад сууж байхад ээж нь дэргэд ирээд аавынх нь мөрийг налаад суудагсан. Ингээд суухад би гэдэг хүн энэ ертөнцийн хамгийн жаргалтай хүн юм шиг санагдаж ингээд л суугаад баймаар... Чи минь нойрондоо үнэгчлэн зүүдэлж аавыгаа айлгана. Орон дээр хэвтүүлээд унтуул бие нь амрахгүй гэж ээж нь зөндөө хэлнэ. Тэврээд суухад дэндүү сайхан байдаг болхоор охиноо тэврээд л суугаад байдаг байлаа. Нойрсож байхдаа охин минь дэндүү өхөөрдөм. Аав нь тэсэхгүй үнэрлээд л сэрээчихнэ, тэгээд л бас ээжид нь загнуулна. Дэндүү борог, хэнэггүй болохоор хайртай охиндоо хайртай гэдгээ хэлж байсан удаагүй. Гэхдээ аав нь охиндоо хайраа мэдрүүлсэн гэж боддог юм шүү.
 Даргадаа жаахан загнуулж сэтгэл гундсан үедээ охиныхоо төлөө хичээнэ гэж бодоход ямар ч хүнд хэцүү зүйлийг даваад гарах хүч чадалтай болсон шиг санагдаж ажлаа шамдан хийдэг байсан. Тэр үед залуу ч байж дээ. 
Эр хүн болсон хойно энэ насандаа тоотой хэд л уйлж байсан. Гэхдээ хамгийн гашуун нулимс, хамгийн хатуу шаналал хонгорхон охин чи минь өвдөөд эмнэлэгийн орон дээр хэвтэж байхад урссан юм шүү. Аз болоход бурхан тэнгэр ивээж энхрий охин чамайг минь ээж бид хоёрт нь үлдээсэн. Амьдралыг минь хоосолж, сэтгэлийг минь эмтлээгүйд бурханд талархаж аав нь одоог хүртэл нүгэл хилэнцээ тэвчиж явдаг юм шүү. 
Цаг хугацаа харавсан сум шиг улиран одож, охин маань сургуульд орлоо. "Шилдэг сурагч болсон охин минь" гэж ажлынхаа хүмүүст ярихдаа өмнө нь хэзээ ч тэгж байгаагүйгээр бардам байж билээ. Охиноо дэлхийн аварга болсон шиг баярлаж байж дээ тэр үед. Гэхдээ охин минь аавдаа л энэ дэлхий дээрх хамгийн эрхэм нандин, хамгийн ухаантай, хамгийн шилдэг охин шүү дээ. Чамайгаа юугаар ч дутаахгүй, яаж ч зовоохгүй амьдруулах гэсэндээ ээж бид хоёр нь ам муруйж ч үзээгүй. Амьдралд хэрүүл маргаан гаралгүй л яах вэ, харин охин минь чи энхийн цагаан тагтаа юм, уур хилэнг хүртэл салхи мэт хөөж одуулна. Энэ ертөнц дээр үүнийг охин чамаас минь өөр хэн ч чадахгүй. Гайхалтай байгаа биз???
Энхрий охин чи минь гэхдээ жаахан эрх шүү. Төрсөн гэртээ аав нь дураар нь байлгадаг байсан нь үнэн. Дураар нь өсгөх гээд дэндүү дураар нь байлгачихав уу даа гэж хааяа боддог байсан. Гэхдээ чи минь ухаантай, хайр дааж чаддаг гэдгээ аавдаа дандаа мэдрүүлдэг. Хатуухан үг ч хэлж байгаагүй гэхэд чи минь чихэнд минь хонх зүүж, сэтгэл зовоож байсан удаагүй. Төрсөн цагаасаа эхлээд л амьдралд минь утга учир нэмж, бахархах бахархал, хайрлах хайртай байлгасан юм шүү.
Ингээд охин минь нөхөрт гарч, хүний хүн боллоо. Аавдаа эрхэлж туньдаг шигээ хошуугаа унжуулан битгий уйлаарай. Эрхэлж туних цаг эмэгтэй хүнд эцгийн гэрт нь л байдаг юм шүү. Өөрөө амьдарл зохиож, өөрөө үрийн зулай үнэрлэнэ. Надад өгч байсан тэр л жаргалыг өөрийн сэтгэл зүрхээрээ мэдрэнэ. Сонсооч охин минь үртэй хүн ямар жаргалтай гээч... Энэ орчлон дээрх ямар ч сэтгэлийн жаргал үртэй байхын жаргалыг гүйцэхгүй...Энэ орчлонд хүн болж төрснөөр амссан хамгийн жаргалтай өдөр охин чи минь наддаа мэндэлсэн өдөр... Энэ орчлонд хүн болж төрөөд үнэртсэн хамгийн тансаг үнэр охин чиний минь зулайн үнэр юм шүү. Амьдралд цөхрөх, гуних өдөр хоног байлгүй л яах вэ? Харин үр хүүхдийнхээ төлөө амьдрахад зовлон гуниг юу ч биш байдаг юм шүү... 
Хайраар дүүрэн амьдраарай охин минь. Энхрий охин минь наддаа бүх насны минь залбирлын оронд ирсэн бэлэг юм шүү.