Dreams come true
RSS

Monday, October 1, 2012

Өвөр Монгол ах

Хүмүүс энд намайг дандаа л Хятад гэх юм... Монгол гэж хэлсээр байтал Хятадууд ер нь ийм л байдаг гээд л... Оронд нь Азиуд гэвэл би баярлах байлаа. 

Хятад гэснээс өнгөрсөн зун Бээжинд байхад дүү бид 2-г дагуулж хамаг ажлаа алдсан Өвөр Монгол ах их сайхан хүн байсан шүү. Тэр ахтай уулзаад Өвөр Монгол хүмүүст Монгол гэсэн сэтгэл их байдаг юм байна гэдгийг ухаарсан. 

Улс төр: Тэр ах, дүү бид 2-оос улс төрд нэрээ дэвшүүлж байгаа нэгэн эрхмийн өмнө нь юу хийж байсныг асуулаа. Би өмнө нь тэр эрхмийн нэрийг сонсож байсан тул багагүй алдартай эрхэм гэдгийг нь мэдэж байсан ч түүний талаар миний мэдэх юм сонсож байсан нэрнээс цаашгүй ажээ. 
Бантсан шахуу нүүрэндээ:
 - Би улс төр сонирхдоггүй ээ, улс төр сонирхохоор уур хүрээд байдаг юм л гэлээ. Гэтэл Өвөр Монгол ах:
 - Өөрийг чинь хэн төлөөлж байна, хэн чиний өмнөөс шийдвэр гаргаж байна, тэр хүн ямар хүн бэ гэдгийг мэддэг байх ёстой гэлээ. Нээрээ ч тийм шүү. Цаашлаад 
 - "Манай" Монголын улс төр гэж заваарсан юм байх юм, хүн амьтанд ярихаас ичиж үхмээр гэдэг байна шүү. Манай гэдэг үгэнд жаахан гайхаад, "
 - Та сая манай гэлээ? гэтэл:
 - Бид үндэс угсаа нэгтэй, үндэс язгуурын маань гал голомтыг залгуулж байгаа хүмүүс хэрхэн амьдарч байгааг сонирхолгүй яах вэ дээ. Уг нь манай Монголчууд энэ Хятадуудаас хавь илүү хөгжилтэй, хавь илүү баян, хангалуун амьдрах ёстой юм байгаа юм шүү дээ. Баялаг байна. Даан ч баялгаа өнөө маргаашын талхны мөнгөөс л өгөөд байх юм. Энэ Хятадууд манайхнаас талхны мөнгөөр сольж авчихаад л үнэ хүргээд байхад... За тэгээд одоо та нарын үеийн хүүхдүүд, шуналтай улс төрчдийг түрэн гаргаад ямар нэг өөр юм хийх байлгүй дээ. 
 - Харин тийм ээ гэж би яг чин сэтгэлээсээ хэлээд, нөгөө улс төрчийн тухай юу ч мэдэхгүйдээ бантсаар л суув. 
 - Ийм замаар явлаа, олон ч зүйлийг талхны мөнгөөр сольж байна. Гэвч ингэж амьдраад бүтэхгүй болохгүй байна гэдгийг ухаарсан олон Монгол хүмүүс өөрчлөлт хүсч байгаа байлгүй... 
 - Та Монголд ойр ойрхон очдог уу?
 - Би ч очилгүй удлаа даа. 5, 6 жил болж байна. Тэгж байгаад очмоор л байна... 

Энэ харилцан ярианаас хэд хоногийн дараа 
 - Сүүлийн үед Монголд ямар залуу зохиолын дуучид гарч байна даа гэж асуулаа. Тэр ахын машинд дандаа Монгол дуу эсвэл сонгодог хөгжим эгшиглэдэг юм. Машинд нь Хятад дуу нэг ч удаа сонсож байгаагүй ээ. 

Мөн нэг өдөр тэр ах жаахан ядарсан царайтай харагдлаа. Тэгээд урьд шөнө юу хийснээ ярихад дүү бид 2 үхтлээ инээж билээ. 
 - Урьд шөнө нэг найзындаа очиж, архи ууж, хөзөр тоглолоо. Тэгээд орой болсон нөгөө 2 найз маань "Хоноод яв, орой болж" гэхээр нь унтах санаатай хэвтсэн чинь хоёр муу хүүр чинь шөнөжин мотор асаагаад унтуулсангүй гэлээ. 
Өвөр Монгол хүмүүсийн үгийн сангийн тухай хачирхалтай элэглэл зөндөө байдгийг сонсоод инээж л явсан. Тэгээд тэр ахтай уулзсаны эцэст "Маск"-нхан арай хэтрүүлжээ гэдгийг ухаарсан юм даа. 

1 comments:

Unknown said...

Todhon sanaj baina. :)