Даргадаа жаахан загнуулж сэтгэл гундсан үедээ охиныхоо төлөө хичээнэ гэж бодоход ямар ч хүнд хэцүү зүйлийг даваад гарах хүч чадалтай болсон шиг санагдаж ажлаа шамдан хийдэг байсан. Тэр үед залуу ч байж дээ.
Эр хүн болсон хойно энэ насандаа тоотой хэд л уйлж байсан. Гэхдээ хамгийн гашуун нулимс, хамгийн хатуу шаналал хонгорхон охин чи минь өвдөөд эмнэлэгийн орон дээр хэвтэж байхад урссан юм шүү. Аз болоход бурхан тэнгэр ивээж энхрий охин чамайг минь ээж бид хоёрт нь үлдээсэн. Амьдралыг минь хоосолж, сэтгэлийг минь эмтлээгүйд бурханд талархаж аав нь одоог хүртэл нүгэл хилэнцээ тэвчиж явдаг юм шүү.
Цаг хугацаа харавсан сум шиг улиран одож, охин маань сургуульд орлоо. "Шилдэг сурагч болсон охин минь" гэж ажлынхаа хүмүүст ярихдаа өмнө нь хэзээ ч тэгж байгаагүйгээр бардам байж билээ. Охиноо дэлхийн аварга болсон шиг баярлаж байж дээ тэр үед. Гэхдээ охин минь аавдаа л энэ дэлхий дээрх хамгийн эрхэм нандин, хамгийн ухаантай, хамгийн шилдэг охин шүү дээ. Чамайгаа юугаар ч дутаахгүй, яаж ч зовоохгүй амьдруулах гэсэндээ ээж бид хоёр нь ам муруйж ч үзээгүй. Амьдралд хэрүүл маргаан гаралгүй л яах вэ, харин охин минь чи энхийн цагаан тагтаа юм, уур хилэнг хүртэл салхи мэт хөөж одуулна. Энэ ертөнц дээр үүнийг охин чамаас минь өөр хэн ч чадахгүй. Гайхалтай байгаа биз???
Энхрий охин чи минь гэхдээ жаахан эрх шүү. Төрсөн гэртээ аав нь дураар нь байлгадаг байсан нь үнэн. Дураар нь өсгөх гээд дэндүү дураар нь байлгачихав уу даа гэж хааяа боддог байсан. Гэхдээ чи минь ухаантай, хайр дааж чаддаг гэдгээ аавдаа дандаа мэдрүүлдэг. Хатуухан үг ч хэлж байгаагүй гэхэд чи минь чихэнд минь хонх зүүж, сэтгэл зовоож байсан удаагүй. Төрсөн цагаасаа эхлээд л амьдралд минь утга учир нэмж, бахархах бахархал, хайрлах хайртай байлгасан юм шүү.
Ингээд охин минь нөхөрт гарч, хүний хүн боллоо. Аавдаа эрхэлж туньдаг шигээ хошуугаа унжуулан битгий уйлаарай. Эрхэлж туних цаг эмэгтэй хүнд эцгийн гэрт нь л байдаг юм шүү. Өөрөө амьдарл зохиож, өөрөө үрийн зулай үнэрлэнэ. Надад өгч байсан тэр л жаргалыг өөрийн сэтгэл зүрхээрээ мэдрэнэ. Сонсооч охин минь үртэй хүн ямар жаргалтай гээч... Энэ орчлон дээрх ямар ч сэтгэлийн жаргал үртэй байхын жаргалыг гүйцэхгүй...Энэ орчлонд хүн болж төрснөөр амссан хамгийн жаргалтай өдөр охин чи минь наддаа мэндэлсэн өдөр... Энэ орчлонд хүн болж төрөөд үнэртсэн хамгийн тансаг үнэр охин чиний минь зулайн үнэр юм шүү. Амьдралд цөхрөх, гуних өдөр хоног байлгүй л яах вэ? Харин үр хүүхдийнхээ төлөө амьдрахад зовлон гуниг юу ч биш байдаг юм шүү...
Хайраар дүүрэн амьдраарай охин минь. Энхрий охин минь наддаа бүх насны минь залбирлын оронд ирсэн бэлэг юм шүү.
5 comments:
nadya chamd bayarlalaa, busdad negiig bodogduulhaar shaan zuil niitelsend, chamd amjilt husie
Маш их баярлалаа
manai nadya chin zohiolch bsiin beshdeee :D tasarchjeeee. ohintoi bolmoor sanagdaw etr :P
Хэзээ нэгэн цагт энэ бичлэг миний амьдралын намтар болох вий гэж бодлоо ... Үнэхээр л охинтой болоод л, түүнийгээ хайрлаад л, хайраар дутаахгүй гэсэндээ түүнийхээ төлөө бүхнийг хийж байна гэж бодохоор бас л сонин байна шүү ...
HOPE SO NOMUN...
Post a Comment