Dreams come true
RSS

Thursday, November 8, 2012

Дуу хоолой


Эргэн тойрон дүүрэн хүмүүс байгаа хэрнээ сэтгэл дотор ганцаардал ноёрхох өдөр хүн бүрт байдаг бизээ. Хэнд ч, бүр ээждээ ч хэлж чадалгүй нуудаг зүйл байдаг. Түүн шиг хамгийн дотно найз маань дэргэд байсан ч ганцаардах үе...
Хамгийн анх блогоо нээхдээ n-topsecret гэдэг хаягтай нээж билээ. Хэнд ч хэлэмгүй зүйлээ хэлэх гэж... 
Бүрэг ичимхий, өөртөө итгэлгүй алин болохыг бүү мэд ямар ч байсан өөрийн дотоод ертөнцөө хэн нэгэнд нээхийг хүсээгүй юм шиг. 

Үзэг цаас нийлүүлэн, оюун ухаанаа уудалж, цэвэрхэн цагаан цаасан дээр цэнхэр бэх бүжиглүүлэн бичдэг шиг компьютерийнхаа гар дээр хуруугаа гүйлгэн бичихдээ ихэнхдээ ямар нэг санааг алдчихгүй юмсан гэж, ямар нэгэн холбоо үгийг мартчихгүй юмсан гэж хэрхэн яарч адгаж байдгийг төсөөлөх таатай. Бичиж байгаа хуруу хүртэл сэтгэл дотроос гарах үгийг гүйцэхгүй үед тайзан дээр зогсоод байдаг чангаараа орилж, хашигрч байгаа юм шиг санагддаг. Яагаад бичээд байна - тайзан дээр зогсоод өөрийн бодож байгаагаа чангаар хэлж чадахгүй ч энэ дотоод сэтгэлдээ байгаа би-гээ уудлах гэж бусадтай хуваалцах гэж... 

Хэрэв та Өлзийтөгсийн "Үзэхийн хязгаар"-г уншсан бол тэр нэгэн өгүүлэлдээ бусад хүмүүс өөрийг нь юу гэж бодож, хэрхэн төсөөлөхөөс айлгүй бичдэг тухайгаа дурьдсан байдаг. 
Би ч гэсэн заримдаа бусад хүмүүс намайг юу гэж бодох бол гэсэн айдсаа таягдан хаях гэж хичээдэг. Гэхдээ бичиж байгаа үг бүрээр минь намайг дүгнэх хэрэггүй л болов уу? Бичиж байгаа тодорхой бус далд утгатай, ёгт үг өгүүлбэрийг уншаад зарим хүмүүс өөртөө тусган ойлгож, уурлаж, эсвэл өөр хэн нэгэнтэй холбон ойлгож, лавлаж асуудаг. Гэхдээ өдийг хүртэл хэн ч зөв таамаглаж байсангүй. Би хэн нэгэнд хандаж бичсэнг тэр хүн уншаад "үүнийг надад хандаж хэлээ юу" гэж асуувал би яах эсэхээ мэдэхгүй байна. Аз болоход энэ зүйл тохиолдоогүй бөгөөд, нэг бодлын азгүй ч байж болох юм. Миний хэлэх гэж хүссэн үгийг эндээс олоод уншаасай гэж бодож байсан тохиолдол бий. 

Хүмүүний ертөнцөд нарлаг сайхан байхад миний ертөнцөд бороо орж байх нь бий, эсрэгээрээ миний ертөнцөд нарлаг сайхан байхад хүмүүний ертөнцөд бүрхэг харанхуй ч байж болох юм. Гэхдээ сэтгэлдээ бүрхэг байхдаа ганцаардлыг мэдрэхээс би айдаггүй. Өдөр бүр нартай байх аваас нартай өдөрт хэрхэн талархаж сурах билээ? Бүрхэг өдрийн тэнгэр дор ганцаардаж үзсэний эцэст нартай өдөрт талархаж сурах бус уу? Би төрөлхийн гуниглах дуртай хүүхэд байсан юм шиг санагдах юм. Би гуниглах үнэхээр дуртай. 

Гайхалтай бичдэг, ухаалаг эмэгтэй Өлзийтөгсийг би чин сэтгэлээсээ хүндэлдэг. Түүний бичсэн зүйлстэй яг таг санаа нийлээд байдаг юм, үгүй шүү дээ гээд хэлэх тохиолдол надад гарч байсан удаагүй. Түүний бүтээлийг унших дуртай... гэвч түүнийг унших тусам түүнээс бичлэгийн стил хулгайлах хандлагатай болоод байх шиг санагдаад байх юм. Мэдээж би түүн шиг төгс бичдэг болтлоо өдий, гэхдээ бичлэг маань түүний стил, санааг хулгайлсан юм шиг санагдах болсонд жаахан харамсалтай байна, магадгүй өөр олон зүйл, олон зохиолчийн бүтээлийг уншдаггүй залхуу нэгэн болоод тэр биз. Гэхдээ би өөрийн давтагдашгүй бичлэгийн хэв маягтай болтлоо хэн нэгнийг давтаж, хулгайлах бололтой. Харин ганцхан хүнийг дагаж дуурайж байвал өөрийн биш түүний хэв маягийг өөртөө суулгах байх гэж эмээж байна. 

Монтекристо гүн номыг багадаа уншиж байхдаа Дантесийг хар үстэй, өндөр шулуун хамартай, мөрөөдлийн залуу мэтээр төсөөлж байсан боловч түүний киног үзээд үнэхээр ой гутаж билээ. Би хэзээ ч өөрийн сэтгэл зүрхэн дэх Дантесийн дүрийг царай муутай шар үстэй залуугаар солихгүй байхсан. Өлзийтөгс эгчийн дотоод сэтгэл яг над шиг байх гэж би төсөөлдөг юм. Уулзах боломж гараасай, ярилцаж үзэх юмсан. Уулзах боломж гарвал би тэнэг зүйл ярьж, эвгүй сэтгэгдэл үлдээвэл яана... за ингэж бодоод байвал биеэ бариад дараа нь уулзсан мөчөө санахгүй байх даа. Үнэн юм үнэнээрээ сайхан гэж өөрийнхөөрөө байна аа./Хэхэ уулзах ч юм шиг/

За тэгээд зөв буруу үг сонгож, хагас дутуу өгүүлбэрээр өөрийгөө илэрхийлэхчээ аядсаны дараа Монгол хэлээрээ ярих ямар сайхан гээч, сэтгэл доторх хамгийн нарийн мэдрэмжээ би зөвхөн Монгол хэлээрээ л илэрхийлж чадна. Эх хэлгүй хүн гэж байдаг болов уу? тийм бол ямар харамсалтай байхсан. 
Монголд байгаа бүх хүн унтаад өгсөн хойно надад зав гардаг болхоор хэнтэйгээ ч ярих билээ, дэлгэцтэйгээ ярьж буй нь энэ. Үүнийг мөн өөр нэгэн дэлгэцтэйгээ ярьдаг хүн сонсоно. :-)

5 comments:

Anar Exo said...

Big like gesnees Monte Kristogiin zunduu olon kino baigaa gehdee bugd eh zohiol shigee sanaand niitsdeggui, har ustei duruud ni ch gsn :P harin Ulsiitugstei uulzah tiim ch hetsuu bish shuu ;)

Nadya said...

Uulzah geed haigaad yavah ni ch haashaa ym.. Gehdee taataldah bhaa hj naidjna.

Nadya said...

Uulzah geed haigaad yavah ni ch haashaa ym.. Gehdee taataldah bhaa hj naidjna.

Anar Exo said...

haij yvah hereg ogthon ch baihgui, magadgui nadad DuDES-iihnees tanidag hun olontoi bolood ch ter ym uu Ayurzana, Ulziitugs nariig olohod amarhan baij magadgui gehdee hereg bolvol chmg uulzuulj ugch bolii shuu :)

Nadya said...

Woow thanks :-)