Dreams come true
RSS

Sunday, November 18, 2012

Болор хундага

Залхуугаа завгүй гэж халхлах шаардлагагүй тийм завгүй өдрүүд өнгөрч, үүний дараа ангийнхантайгаа үдэшлэгдэв... Одоо дулаан хөнжлөөрөө хөлөө хучаад дуугүй дүмбийж суудаг ч намайг хамгийн тэвчээртэй сонсдог мөн намайг энэ ертөнцтэй холбож өгдөг найзаа өвөр дээрээ тавиад түүний гар дээр хуруугаа гүйлгэн илбэж байна. :-)Ээлжит нэгэн өгүүлэл...

Таван жилийн өмнө өдөр бүр очдог дэлгүүрийн шилэн лангууны цаана шив шинэ, гэрэл ойсон болор хундага байлаа. Анх харсан мөчид борхон зүрх минь түг түг хийгээд урьд өмнө нь мэдэрч байгаагүй мэдрэмж төрсөн нь дурлал байж шүү дээ. 
Гэвч би дэлгүүр рүү орж болор хундаганы үнийг асуусангүй, зүгээр л үнэтэй байх би авч чадахгүй байх, түүнийг худалдаж авахын тулд би тэрбумтан болох шаардлагатай байх гэж бодоод л өнгөрсөн юм. Болор хундаганаас дарс шимэн уухад биш, түүнийг дэлгүүрийн лангуун дээрээс харахад илүү таатай санагдаж байлаа. Гэхдээ орой бүр түүнээс дарс шимэн ууж байна гэж мөрөөдөх дуртай байсныг нуух юун. Уг хундагыг харах бүрийдээ "Минийх болоорой" гэж сэтгэлдээ шивнэнэ.
Болор хундага минийх болсонгүй, би ч түүнийг авах гэж хичээсэнгүй, хундаганы үнийг ч асуусангүй, тэгсэн хэрнээ өдөр бүр дэлгүүрийн шилэн лангууны цаанаас түүнийг шуналтайяа ширтэн зогсоно. 
Нэгэн өдөр дэлгүүрийн шилэн лангууны ард миний хундага байсангүй. Тэр нэгэн эмэгтэйн гарт байлаа. Хэрэв би тэр эмэгтэйн оронд байсан бол болор хундагаа унагаад хагалчих вий гэсэндээ тас зуураад зогсох байсан биз, гэтэл өнөө эмэгтэй болор хундагыг минь хайнгадуу, огт ач холбогдол өгөлгүй нэг гараас нөгөө гартаа шидэлж зогсох аж. Түүнд өмнө нь олон хундага байсан бөгөөд, ирээдүйд ч олон хундага худалдан авах тул миний болор хундага түүний хувьд үнэ цэнэгүй мэт...

Мөрөөдлийн болор хундагаа өөр нэгэнд алдсан хэдий ч сэтгэлээр нэг их унасангүйд, дурлал тийм ч шаналалтай биш юм гэж бодоод л өнгөрсөн. За тэгээд удалгүй найзаас маань улаан хайрцагт хийж, цэнхэр туузаар чимэглэсэн бэлэг ирсэнд нээж үзвэл болор хундага - гайхалтай хийцтэй, бат бөх болор хундага. Түүнийг барихдаа унагачих вий гэж эмээхгүй хэрнээ, унагаачихсан ч яадаг юм гэсэн хайхрамжгүй сэтгэлгүйгээр түүнээс дарс шимэн ууна. Дарс ч амттай, хундага маань дарсны амтыг улам чимэх нь түүнийг уруулдаа хүргэж салгахгүй баймаар санагдуулдаг байлаа.
Гашуун дарсны амтыг бал бурмаар сольдог хундага минь гарт байсан тэр үед миний анх дуралсан хундага дэлгүүрийн лангуун дээр буцаад иржээ. Өнөөх эрээ цээргүй эмэгтэй түүнийг минь газар унагаад ирмэгээс нь хэлтэлсэн байлаа. Унагаж хэлтэлчихээд буцаагаад өгчихөж шүү дээ. Муу эмэгтэй... Миний болор хундага урьдынх шигээ гэрэлтэж, үзэсгэлэн төгс байдлаа алдаагүй боловч эмтэрхий ирмэгтэй болжээ. Гарт минь өөр нэгэн болор хундага байна. Гашуун дарсыг бал бурам болгодог болор хундагатай байж эмтэрхий хундагаар яах билээ...

Намайг өөрийн болор хундаганаасаа өдөр бүр дарс шимэн суух хооронд анх дурласан болор хундага маань хэд хэдэн удаа зарагдаж, хэд хэдэн удаа буцаагдав... Заримдаа түүнийг худалдан авсан хүн нь буцаадаг ч заримдаа тэр өөрөө буцаад ирсэн байдаг байлаа. 
Гартаа "Минийх" гэсэн тодотголтой шилэн хундагатай хэдий ч "минийх биш" гэсэн тодотголтой шилэн хундагыг хааяа харж, шохоорхон зогсоно. 

Ингээд 4 жилийн дараа би нүүхдээ найзын маань өгсөн хундага надтай хамт нүүхийг хүсээгүй тул гэртээ үлдээлээ. Болор хундага маань эзэндээ дэндүү хайртай тул өөр хэн нэгний хундага болохыг зөвшөөрөхгүй гэж мэдэж байсан тул санаа амар түүнийг шилэн тавиур дээр үлдээж чадна. 

Шинэ байшинд ороод өөрийн болор хундагаа бусад бүх зүйлээс илүү саналаа. Надад дарс байсангүй, дарс байсан ч өөр хундаганаас уухыг хүссэнгүй. Гэвч би хундага барьсан үедээ дарсанд дурлаад байснаа мэдэрч, дарсгүй амьдрал эрүүл ухаалаг амьдрал мэт мэдрэгдэх болсон үеэс би хундагаа нэгэнт үгүйлэхээ байжээ. Надад одоо хундага хэрэггүй. 

Тун удалгүй өнөө өдөр бүр очдог дэлгүүрийн худалдагчаас захидал ирлээ. "Өдөр бүр шилэн лангууны цаанаас шохоорхон хардаг байсан болор хундагыг чамд бэлэглэхээр шийдлээ. Чи өдөр бүр харсаар байгаад чинийх болхоор шийдсэн юм байлгүй энэ хундага, эд зүйл ч бас амьтай байдаг юм гэнэ билээ. Өөрийн эзнээ өөрөө сонгож, харцыг нь булаадаг юм гэнэ билээ." 

Энэ захидлыг аваад ухаангүй баярлав. Сэтгэл хөдлөлөө дарж чадахгүй балмагдав... Гэвч дэлгүүрийн эзэнд хариу захидал бичихээ түр хойшлуулан хүлээж, сэтгэл хөдлөлгүй үедээ хариулах нь зөв, болор хундага эмзэг бөгөөд нандин, түүнийг унагааж сэвтээх хэрэггүй... олон удаа эмтэрч болох ч нэг л удаа хагарна...

Маргааш нь... Анх дуралсан болор хундага дэлгүүрйин эзний захиаг уншиж дуусах хүртэл надад үнэ цэнэтэй байжээ. Минийх болох боломжтой болсон цагт үнэ цэнээ алддаг нь миний шуналтайгаас л болсон болов уу? 
Найзынхаа өгсөн болор хундагыг гартаа чанга атгаагүйн учир нь би дэлгүүрээс аваагүй өөрөө хүрээд ирсэн болохоор тэгээ байлгүй. 

Би дахин нүүхдээ болор хундага авахгүй. 
Анх дуралсан болор хундаганаас ч дарс амсахгүй. Миний харцыг дахиад булаах болор хундага хайж шинэ дэлгүүр оръё доо. 

 жич: зүрх бор биш улаан байдаг гэж би бодож байна.

7 comments:

Anar Exo said...

zurh bor bish bdiin gj bichih uu baih uu, demii ugnii uu haisan ym shg bolchih ch ym uu gj bodoj baisan chin jich gd bichchihsen bna daa :P kkk ymartai ch hun bur uurt baihgui zuil ruu l temuulj shunaj baidag, yag unendee yu ch baihgui bailaa gd yu ch uurchlugduhgvig ter bur uhaardaggui..

Anonymous said...

Medehgui ene niitleliig unshaad tsaana ni neg dald utga bga yum shig sanagdlaa. Ene uneheer hundaganii tuhai yu esvel yamar negen dald utga aguulagdaj bgaa yu!

Anonymous said...

goy ilerhiiljee. amjilt bbe <3

Anonymous said...

Үнэхээр таалагдлаа.
Надад яг ийм явдал тохиолдож байсан. Дээрхээс ялгаатай нь би лангуун дээрээс гайхамшигт хундагыг авч, өөрийн болгосон. Гэвч тэрхүү хэтэрхий эмзэг, сайхан зүйлээс амтат дарсыг амтлах нь бүү хэл дарс хийж чадалгүй гамнаад байсан...

Асуулт: Хүнд хундага заавал байх хэрэгтэй юу?

Nadya said...

хэхэ. Ер нь бол энэ хундага биш олон зүйлийг илэрхийлэх боломжтой. Дэлгүүрийн лангуун дээр гоё харагддаг зүйл өөрийн болгоод авахын цагт нэг өөр харагдах жишээтэй.

Хундага байх хэрэгтэй эсэхийг мэдэхгүй ч дарс уудаггүй хүмүүс зөндөө байгаа. :-)

Nadya said...

хэхэ. Ер нь бол энэ хундага биш олон зүйлийг илэрхийлэх боломжтой. Дэлгүүрийн лангуун дээр гоё харагддаг зүйл өөрийн болгоод авахын цагт нэг өөр харагдах жишээтэй.

Хундага байх хэрэгтэй эсэхийг мэдэхгүй ч дарс уудаггүй хүмүүс зөндөө байгаа. :-)

Anonymous said...

Үнэхээр сайхан бичжээ. Үүнийг уншихад болор хундага биш яг л хүний тухай бичиж байгаа юм шиг санагдлаа. Яг үнэндээ хүний тухай биш байсан ч уншсан хүн бүрт нэгийг бодогдуулж, эргэцүүлэх боломж олгосонд баярлалаа. :)