Dreams come true
RSS

Wednesday, January 21, 2015

Хамгийн зардал багатайгаар хамгийн хөөрхөн болох арга

Өөрийнхөө гадаад үзэмжийг голж, тэр ч бүү хэл сэтгэл санаагаар унаж эхэлсэн үе өсвөр насанд минь эхэлж, нилээд жил намайг тарчлаасан байх аа. 
Яасан гэхээр би загвар өмсөгчид шиг өндөр биш байх нь, хятад шаазан хүүхэлдэй шиг цасан цагаан царайтай биш, заан шиг бүдүүн хөлтэй, гахай шиг тарган, уйлсан юм шиг нүдтэй, том хамартай, аав шиг эрэгтэйлэг төрхтэй, сүмбэн цагаан хуруугүй, хүрз шиг хумстай... за за бичээд байвал барагдах эд биш юм байна...  
Товчхондоо хэлэхэд би төгс төгөлдөр биш байлаа. Миний муу муухай бүх зүйлүүд сайн сайхан бүх зүйлүүдийг далдлаад би чинь эмгэн шулмын дүртэй, гахай байсан юм уу даа ер нь... 
За тэгээд хэддүгээр ангид ч юм бэ дээ анх удаа хөмсөгөө засууллаа. Дандаа голдог байсан парвийсан хөмсөгөө засуулаад... Би чинь аймшигтай духаар нэг тарсан урт хөмсөгтэй, зэрлэг хүн шиг харагддаг байлаа шүү дээ. Тэгсэн хөмсөгөө зассан чинь хөмсөг аятайхан болсон ч хамар сонин харагдаад болдоггүй. Нэг юмыг заслаа ч өөр өө гарч ирээд л, санаа зовсоор л байлаа.

Гэтэл би нэг л өдөр өөрийгөө хөөрхөн болсноо ухаарлаа. Мэс засал, эм тариа, будаг шунхгүйгээр би  хөөрхөн болчихож, яагаад гэвэл би энэ байгаагаараа л хөөрхөн, бас хөөрхөн байсаар ч ирсэн юм байна. Учир нь би чинь цорын ганц давтагдашгүй, энэ дэлхий дээр яг одоо амьдарч байгаа, өмнө нь амьдарч байсан, бас ирээдүйд амьдрах бүх хүмүүс дунд яг над шиг хүн нэг ч байхгүй. Би содон, гажигтай байсан ч содон, тийм болоод би хөөрхөн... Энэ сэтгэлзүйн шилжилт хэрхэн яаж явагдсаныг мэдэхгүй, магадгүй би том болсон юм байлгүй. 

Төгс төгөлдөр, гоё сайхан гэдэг шалгуурыг бид өөрөө өөрсдөө би болгочихоод түүнтэйгээ өөрийгөө харьцуулаад л суугаад байж шүү дээ. Би бол төгс төгөлдөрийн гайхамшиг, гайхалтай ажилладаг эд эрхтэнүүдийн систем, орой дээрээ дэлхийн хамгийн ярвигтай компьютерээс хэд мянга сая дахин илүү тооцоолон бодох чадвартай машин суулгачихаад өөрөө өөрийгөө гоочлоод амьдардаг байсан байх гэж... Харамсалтай ч юм шиг... 

Сэтгэл хямралтай энэ үеийг давж туулаад энэ хэвээрээ үлдээгүйдээ би маш их баярладаг. Өөртөө сэтгэл дундуур байснаараа би маш их цагийг өөрийгөө гоочилж, өөртөө итгэх итгэлээ шалан дээр дэвсэлж, бусдын өмнө дорой болж, бусадтай өөрийгөө харьцуулах судалгаа шинжилгээ хийхэд зарцуулдаг байснаа анзаарсан. Тэр ч бүү хэл өөртөө сэтгэл дундуур байдаг хүнд бусад хүмүүс ч сайхан харагддагүй. Би энэ ертөнц дээрх олон зүйлсийн гоо сайхныг огт анзаараагүй ямар ч гунигтай амьдарч байсан юм бэ дээ...
Одоо бол би тэр цагийг өөдрөг байх, инээж хөхрөх, эрүүл сайхан хооллох, эрүүл аргаар биеэ хөгжүүлэх, бүр гайхалтай нь оюунаа хөгжүүлэхэд зарцуулж байна. Би тэр оюун санааны шилжилтийг хийгээгүй байсан бол өдийд тэгээд л өөр хүмүүсийн ФБ ухаад, шинжлээд шүүмжлээд, харьцуулаад л сууж байгаа байх даа гэж бодогдож байна. 

Эцэст нь хэлэхэд гоо сайхан бол та, таниас өөр хэн ч биш...
Төгс төгөлдөрийн хэмжүүр нь та, өөрийгөө хайрласан цагт та дэлхий дээрх хамгийн хөөрхөн гэдгээ алхан тутамдаа, цаг минут бүрт мэдрэх болно. Бас бусад хүмүүсийн гоо сайхныг ч анзаарах болно. Сайхан зүйлсийг байнга харж амьдрах гайхалтай биш гэж үү?

0 comments: