Dreams come true
RSS

Sunday, August 16, 2015

Аз жаргал

Яг унтах гээд хэвтэж байхад орж ирсэн бодол оюун санааг маань бүхэл бүтэн хоёр цагийн турш тун завгүй байлгаж орхив. Бодол гэдэг нэг нь нөгөөгөө дагаж хөвөрсөөр, урссаар байдаг хачин жигтэй зүйл юм шүү. Бодох тусам үнэн санагдаж, учиргүй уран цэцэн, яруу тунгалаг биш ч гэсэн хэлхсэн хэдэн үг маань эгэлгүй үнэн юм шиг бодогдоод болж өгдөггүй. Цаасан дээр буулгая, цэцэн мэргэн нэгэнтэй хуваалцая. Тэгэхгүй бол нойр хүрэхгүй, санаа амрахгүй бололтой. 

Хүн гэдэг зовох л тавилантай төрсөн юм шиг сонин амьтан юм. Зовлон нь ер дуусахгүй. Хэн болох, хэдэн настай, ямар хүйстэй, хаана, хэзээ амьдарч, юу хийж буйгаас үл шалтгаалан хүн бүр өөр өөрийн гэсэн зовлонтой... 

Жаахан дүү маань дэвтэр нь дууссан байна гэж учиргүй их шаналан зовлоо. Тоож байгаа том хүн тэр гэрт нэг ч алга үнэндээ. Дууссан дэвтэр яах вэ, маргааш дадлагын тайлангаа хураалгана гэж оюутан эгч нь учиргүй завгүйрхэж байна. Юун тэр дэвтэр, маргааш аудитын хяналт ирлээ гэж аав нь уцаарлангуй бичиг цаастай ноцолдлоо. Маргаашдаа аргалаад хавтас дээрээ биччих, дэлгүүр хаачихсан байхад би одоо хаанаасаа дэвтэр олж өгөх вэ? эрт хэлэхгүй яагаа вэ гэж ээж нь зэмлэнгүй хэлэв. Дэвтэр нь дуусчихсан байдаг, тоодог хүн байдаггүй. Сүртэй биш юм шиг ч жаахан дүүд маань учиргүй том зовлон байгаа харагдах юм. Ингээд бодоход өөрөө ганцхан зовлонтой юм шиг бусдаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, ойлгуулж, өрөвдүүлж, туслуулах гэсэн сэтгэлгээ хэтэрхий амиа бодсон хүний шинж юм. Хүн бүр л өөр өөрийн түвшинд, өөр өөрийн нөхцөл байдалтай уялдсан асуудалтай байдаг хойно бусдын ачааг хуваалцахгүй бол ядаж бусдад ачаа нэмэрлэхгүй байх нь зөв юм даа. 

Богино долгионы зуух эрүүл мэндэд муу гээд ээж маань бат итгэдэг байлаа. Айл бүхэнд байдаг, манайд л байдаггүй... Цаг хэмнэе ээжээ гэж ятгаж ятгаж арай гэж нэг богино долгионы зуухтай боллоо. За тэгээд өөр юу ч хэрэгтэй билээ дээ гээд байж байтал ус буцалгагч шатаж орхив. Хуучин муу ус буцалгагчаа солиод шинийг дөнгөж худалдаж авсны дараа тоос сорогчны толгой салж унаад тогтохоо байж орхив... Айл гэрийн амьдрал яг л ийм байдаг шиг хүний амьдрал яг л ийм. Өнөөдрийн ажлыг хийж дуусгаад л амрах юм шиг байж байтал маргааш дахиад л шинэ ажил, шинэ шийдэх асуудал гарч ирнэ. Хүний нийгэм ч гэсэн яг л ийм зарчимтай байх юм. Нийгэм дамнасан асуудал байлаа гэж саная. Архидалт, ажилгүйдэл, хог хаялт. Өнөөдөр нэг асуудлыг нь шийдэж л дээ. Үгүй юм гэхэд ядаж зохистой, хүлээн зөвшөөрөгдөхүйц түвшинд аваачиж. Гэтэл уг асуудал шийдэгдсэний яг маргааш нь өөр нэгэн асуудал гараад ирнэ. Нөгөө л архидалт, ажилгүйдлээ ярьсаар байгаад гэр бүлийн хүчирхийлэл гэдэг асуудал байгааг харах ч сөхөөгүй явжээ. Эсвэл шинээр гараад ирсэн асуудал юм уу?...
Гэтэл нэг өдөр надад хийх ажил нэг ч үгүй болчихвол би яах билээ? шийдэх асуудал бүрээ шийдээд дуусчихвал яах билээ? Нийгэм хэзээ нэгэн өдөр ямар ч асуудалгүй төгс төгөлдөр болох болов уу? 
Хүсэл дууссан газар хүн өөрөө дуусдаг гэдэг. Хүний амьдралд тохиолдох тэр олон асуудлууд тэр хүний амьдралыг утга учиртай болгож байж ч болох. 

Хүн гэдэг бодлын хүлээсэнд уягдаж, хүлэгдсэн эрх чөлөөгүй амьтан юм шиг. Амьдрал асуудлаар дүүрэн, бухимдаж уурлах шалтаг мундахгүй. Нийгэм хар бараанаар дүүрэн, хүний амьдралд гомдоллох шалтаг мундахгүй олон. 

Харин тэр бүхнийг хэн хэрхэн хүлээж авч байгаагаас бүх зүйл шалтгаална. Нэгэнт өөрийн удирдаж чадахгүй асуудлуудын төлөө зовоод яах билээ? Миний сонголтоос үүсээгүй таагүй нөхцөл байдал бүрийг би бухимдаж, уурлаж, төвөгшөөж хүлээж аваад яах билээ? Нэг нь шийдэгдмээр аядаж байтал нөгөө нь ундарч гарч ирдэг нийгмийн олон хар бараан сүүдэр бүрт би өртөөд яах билээ? Өнөөдөр өөрийн гар доор буй зүйлээр, өөрийн эрх мэдэл хүрэх түвшинд хамгийн зөв шийдвэрийг гаргаж, бусад бүх зүйлийг хүлээн зөвшөөрч, ойлгож, байгаагаар нь хүлээж авч чадсан нь л хаана, ямар нөхцөл байдалд, хэзээ оршин тогтнож байгаагаас үл хамааран амар амгалан аз жаргалтай байх юм. Аз жаргалыг би өөрөө бүтээдэг. Би түүнийг худалдаж авахгүй, энд тэндээс олохгүй, би өөрийн дотоод сэтгэлээсээ уудлан гаргаж ирдэг. Би харин одоо түүнийгээ бусдад түгээхсэн. 


0 comments: