Dreams come true
RSS

Wednesday, January 20, 2016

Цаг хугацаа

Урт, өргөн, өндөр хэмээх бидний цаасан дээр буулгаж чаддаг гурван хэмжээсээс гадна ухрааж, урагшлуулж, товчилж, алгасчихаж ч болдоггүй нэгэн хэмжээс - цаг хугацаа гэгч бий. Төрөх орон дээр гарахаар өвдөөд хэвтэж байхдаа “Яг одоогоос 12 цагийн дараа л оччих юмсан. Тэгвэл хүүгээ тэврээд сууж байна даа” гэж бодож билээ. Гэтэл “Чи энэ л өвдөлтийг мэдрэхгүй бол ээж болохгүй” гэж байгаа юм шиг эсвэл цагийн зүү миний тэвчээрийг басамжлаад ч байгаа юм шиг нэг нэгээр давшиж байсансан. Яасан удаан өнгөрсөн гээч! Харин заримдаа цаг хугацаа анзаарах сөхөө өгөлгүй урсаад өнгөрчихсөнг ухаардаг. Яг тулсан ажилтай, секунд, минут бүр хайран санагдах тийм мөчүүдэд цаг жаахан удаан өнгөрдөг болоосой гэж хүсэх нь бий. Энэ л чанараараа цаг хугацаа гэдэг өөрчилж чадахгүй, байгаагаар нь хүлээж авахаас өөр аргагүй, хувь тавилан гэж байдаг бол яг л түүн шиг юм.

Хүний насан туршийн амьдралд ноогдох цаг хугацааг элсэн цагтай зүйрлэвэл урсах элсэн ширхэг бүр хүний өнгөрөөж байгаа хором гэлтэй. Жаргалтай байна уу зовлонтой байна уу, бүтээж байна уу нөхцөөж байна уу гэдгээс үл хамааран элсний ширхэг бүр нэг нэгээрээ урссаар л… Дээд цүнхэлд байгаа элсний ширхэг урсаад дуусахад хүний амьдрал дуусдаг. Хүн бүр том жижиг хэмжээтэй өөр өөр элсэн цагтай. Ийнхүү сэтгэвэл цаг хугацаа хүмүүст хичнээн хайран санагдах бол? Халаасан дахь мөнгө, өмсөж зүүсэн, эдэлж хэрэглэж буй, өөрийгөө хулдан ороосон үнэтэй цайтай тэр бүхэн биш зөвхөн цаг хугацаа л бидний баялаг мэт санагдах байлгүй. Ингэж хэт туйлширах нь ч бас хаа юм. Бодтой бодгүй, хэмжигдэх хэмжигдэхгүй олон төрлийн баялаг бий. Харин бидний худалдаад авч чадахгүй, нэг алдсан бол дахиад олж авч болдоггүй, нэгэнт өгөгдсөн дээр нэмж арвижуулж боломгүй тийм баялаг бол цаг хугацаа юм. Ийм шинж чанартай баялагийг яалтай билээ? Хамгийн үр ашигтайгаар зарцуулж чадвал араас нь харамсахгүй юм байлгүй. Тэгвэл минут ч зүгээр суумгүй, цаг хугацааг мэдэрч амьдармаар. Учиргүй цаг мөч бүрийг таалж амьдрах бас залхуурлаар халхалсан аз жаргал өгдөггүй зүйлстэй андуурахгүй байх нь зүйтэй...

Цаг хугацааны интервалыг өнөөгийн нийгмийн аяс, хүний физиологийн онцлогтой уялдуулан хүүхэд нас, өсвөр нас, залуу нас, идэр нас гэх мэт нэрлээд байгаа юм. "Хүүхэд насаа хүүхэд шиг өнгөрөө, хүүхэн болох гэж яараад яах вэ!" гээд багш охидын үсийг хоёр сүлжүүлдэг байж билээ. Гэтэл үнэхээр л ширхэг чихэрнээс аз жаргал амталж чаддаг насаа баяр хөөр бэлэглэх бүхнийг амталж өсөөд, идэр насандаа ид хийж бүтээхийн тулд өсвөр болон залуу насандаа өөрийгөө мэдлэг чадвараар цэнэглэх хэрэгтэй юм шиг… Мэдлэг чадвар гэдэг нь заавал гадаад хэл, математик байх албагүй. Оёдог хатгадаг, наадаг эвлүүлдэг, хаддаг харуулддаг юу ч байж болох юм. Энэ тал дээр ч манайхан их өрөөсгөл үзэлтэй. 

"Монголын маргааш олон" гэж их бэлэг дэмбэрэл муутай үг юм шиг санагддаг юм. Нэг өдөр, нэг долоо хоног, нэг сар, нэг жил гэдэг нь гараг эрхэсийн байршил хөдөлгөөнтэй уялдсан цаг хугацааны хэмжүүр бий болгох гэж зохиосон бидний шинжлэх ухаанч сэтгэлгээний нэгэн илрэл. Цаг хугацааны хэмжүүрийг зохиох нь ач холбогдол ихтэй нь мэдээж. Гэхдээ яг угтаа цаг хугацааны өнгөрсөн-одоо-ирээдүй гэсэн гурван хэмжигдэхүүн хамгийн бодтой юм шиг. Өдий наслахдаа нэг зүйлийг их ойлгосон юм. Яг одоо хийе гээд ханцуй шамлан ороогүй ажил… маргааш, ирэх долоо хоногт, ирэх сард, ирэх жил яг байхь байдгаараа байж л байх юм. Одоо хийхгүй, "маргааш хийе" гээд орхисон ямар нэг зүйлийг, маргаашийн өдийд дахиад л "за жинхэнээсээ маргааш" гээд л сууж байдаг юм билээ. Энэ надад ганцхан байдаг муу зан ч биш юм шиг байгаа юм. Ямар сайндаа л "Монголын маргааш олон" гэдэг үг байх вэ дээ. Маргааш, маргааш гээд орхидог ч яг үнэндээ ирээдүйд үүрэг даалгавар орхиод байгаа юм. Тэгж орхисон ажил бол маргаашд биш ирэх сард, магадгүй бүр ирэх жилд үүрүүлээд орхиж буй ачаа л гэсэн үг. Гэтэл тэр ирэх жил чинь өөрөө зөндөө их лай ланчиг үүрэхээр заяагдсан хөөрхийлөлтэй амьтан шүү дээ. Тэгэхээр яг одоо эхэлмээр...


2 comments:

Unknown said...
This comment has been removed by the author.
Unknown said...

Маш сайн санаагаа гаргаж өгчээ. Аливаа зүйлийг хойшлуулахын уршиг маш том шүү.